
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Тус намын бүлэг нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонсжээ. Мөн Булган, Увс аймгийн Засаг дарга нарыг огцруулсан асуудлыг хэлэлцсэн байна. Үүнтэй холбогдуулан тус хоёр аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид бүлгийн хуралд оролцон мэдээлэл өгчээ.
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: -Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах албаны тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд ярилцлаа. Хуучин Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэдэг байсан. Энэ албыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дэргэд байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Байгаль орчны нөхөн төлбөрийг нөхөн төлүүлэх, үнэлүүлэх хуулийн төсөл чухал байна. Хууль байхгүй учраас үнэлгээний асуудал тодорхой бус байна. Гал түймэр гардаг ч хохирлыг нөхөн төлүүлэх асуудал орхигдож байна. Тиймээс хууль санаачлах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Түүнчлэн Сонгуулийн санал худалдан авалтын эсрэг хуультай болох нь зүйтэй гэж хэлэлцлээ.
Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэндсүрэн: -Хуурамч бичиг баримт үйлдсэн, ашигласан, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн Увс аймгийн Засаг даргыг ИТХ-ын төлөөлөгчдийн 62.8 хувийн саналаар огцруулсан. Гэтэл Ерөнхий сайд "Аймгийн ИТХ-ын шийдвэрийг хүлээж авах боломжгүй байна" гэсэн ямар ч хуулийн зйүл заалт байхгүй ганцхан өгүүлбэртэй албан бичиг илгээсэн. Энэ бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл. Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг сургууль төгсөөгүй гэдгийг Боловсролын яам лавлагаагаараа нотолсон. Техник, технологийн их сургууль "Манай сургуулийг төгсөгч биш" гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Гэтэл ийм хүнийг хамгаалаад авч үлдэж байгаад харамсаж байна. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана.
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаатар: -2024 оны ИТХ-ын сонгуулиар Булган аймагт МАН 15, АН 14 суудал авсан. МАН-аас Д.Пүрэв-Очирыг Засаг даргад нэр дэвшүүлэн томилуулсан. ИНЕГ-ын Санхүүгийн албаны даргаар гурван жил ажилласан гэсэн анкетаа Төрийн албаны зөвлөл рүү өгч Засаг дарга болсон. Төрийн албаны зөвлөл анкетыг нь сайн нягтлахгүйгээр гурван жил төрийн албанд ажилласан нь үнэн байна гэж үзснээс болоод хууль бусаар томилогдсон. Дараа нь ИНЕГ-ын Санхүүгийн албаны даргаар 2018-2023 онд ажилласан нь худлаа болох нь тогтоогдсон. ИНЕГ-ын дарга Э.Төрбаяраас тодорхойлолт авахад дээрх хугацаанд Санхүүгийн албаны даргаар ажиллаагүй нь тодорхой болсон. Төрийн албанд гурван жил ажилласан байх ёстой хуулийн шаардлагыг хангаагүй учраас түүнийг аймгийн Засаг даргаас огцруулсан. Энэ тухайгаа Ерөнхий сайдад танилцуулахаар хүргүүлчихээд байгаа.
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: -Аймгийн Засаг дарга нарын асуудалтай холбогдуулан АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа. Эдгээр асуудлаар хуульд нийцсэн шийдвэр гаргаж энэ тухайгаа ажлын долоо хоногийн дотор АН-ын бүлэгт албан бичгээр мэдэгдэхийг шаардаж байна. Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцоогүй тохиолдолд Ерөнхий сайдыг Цэцэд өгч, ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэнг АТГ-т шалгуулна.