
Асуудлаас зугтах сан, амьдралаас одох сон гэж хүн бүр нэг биш удаа бодно. Ахуйгаас хөндийрч чадалгүй асуудалтай нүүр тулан аргаа барах бүртээ ахин шаналахгүй гэж өөртөө амлана. Ийм хуудуу амлалтын хойно буй юмс гутралаар дүүрэн санагдаж, буйгаас бүтэн болдог нь үргэлж салангид оршдог шиг бодол тэмтэрнэ. Гэлээ гээд бид энэ замаас хааш гажиж, гийгүүлэх үйлсгүй яваадаа ямар бурханд гомдоллох билээ дээ.
Тэгэвч сэтгэлээ тэжээх, тэвчээрээ бөхлөх алив нэгэн зүйл хүнд хэрэгтэй. Тэнгэрт хүчирхэг нь хүрч, газарт ухаантай нь гологддог гэх өөрийгөө өмгөөлсөн мунхаг ухаарлаар өдөр хоногийг аргацаах шиг эвлэрлийн тойргоос гарахын тулд дуугүй дүнсгэр байдал нь гүндээ хамгийн хүнд метал рок хөгжмийн нүсэр хэмнэлийг давтах тийм хүч шаардана. Үүнийг бид өөрсдөөсөө эрэвч, өрөөлийн толь руу шагайвч олохгүй. Харин ухамсраас, өвдөл цөвдөлөөс илүүтэй өрцөн цаадхаа дүүргэн тээж явдаг өвдөлт, хөндүүртэй мэдрэмжүүдийн ачаар санаж хүчрэх шиг санагдана. Тэдгээрийг хүний ертөнцийн мэргэд нь санаагаа сахал шигээ цантуулан байж лааны улбар гэрэлд таталгасан яруу найргийн мөрүүдэд оршоодог буюу гэж сэрнэ. Учир нь яруу найрагт амьдралын бүхий л гоо зүй байдаг тухай санааг Гёте “Залуу Вертерийн шаналал” бүтээлдээ дурдаагүй гэж үү. Харин тэрхүү гоо зүй нь үнэнтэй харгалдана. Угтаа үнэн гэдэг гоо сайхан. Яруу найрагч Тө.Бямбасүрэнгийн “Хэвлэгдэхээ хүлээлгүй бүдгэрэх өдрүүд” түүврийн шүлгүүдэд эл үзэл чухам зохирно.
Тэрээр дээрх номоос гадна “Үдэлт”, “Өнө удаан” шүлгийн түүвэр, “Улам дөжрөм, тэгээд нам гүм” туужийн ном хэвлүүлжээ. Анхных нь номын шүлгүүдээс яруу найргийн гоо зүйг тунгаасан, амьдралын агшин хормууд дахь анзаарамгүй юмст мэдрэмжийнхээ үрийг тарьсан, хэн нэгнээс хэзээд өөрөөр туулах сэтгэлийнх нь үнэн анзаарагдана. Харин “Өнө удаан” бол үгийн уран, дүрслэлийн нандин, яг одоо бидний өмнө дэлгээтэй буй эл түүвэрт буй хөндүүрээ таньж, мэдрэхийн өмнө бүгдийг өөрийнхөөрөө тунгааж буй эмзэглэл, чигч шулуун үзэл санаагаар дүүрэн байдаг. Харин туужийнх нь тухайд тусад нь өгүүлэхгүй бол нэлээд хүнд. Тэгээд ч өөрийн ажил мэргэжлийн онцлог, туулж буй цаг үеийнхээ өвдөлтийг тэнд нь бядан яваа, үхлийн ирмэг дээрх хүмүүсийн сэтгэл сийчим санаа алдалтаар бүрсэн, гүнд нь хүний сүнсийг тээж төрсөн хувь заяагаа хэрхэн хайрлаж, яахин түүнээсээ цөхөртөл зуурч байгааг энгүүн үгсээр, дурсамжийн тэртээгээс хааяахан хар дарсан зүүдэнд нь тодрох адил хурц дүрслэлүүдээр тоочсон нь бий.
Харин “Хэвлэгдэхээ хүлээлгүй бүдгэрэх өдрүүд” хэмээх энэ нимгэхэн цэнхэр номд санаа алдмаар, ахуйнхаа үнэнийг, тэр нь ямагт эвлэрэх аргагүй шарх сорви тээсэн ч эдгэсэн хойно нь имрэхэд амьсгал хүртэл уужирмаар санагдах тийм чанар бий.
...Бороонд
эхлээд шувуу оногдоно,
дараа нь хамгийн өндөрт байгаа хүн оногдоно
Борчууд ижилхэн өвчнөөр түрүүлж үрэгдэнэ
Хоёр туйлт хүн нэг хичээнэ, нэг гутарна
Хот ч, амьдрал нь ч өөрчлөгдөхгүй ч нэг шамдана, нэг гударна...
Магадгүй дийлэнх маань ийм. Аж амьдрал, ажил төрөл, чимээ шуугиан, чийртэж залхмаар тийм хоногуудын гүнд үнэнээ сэрж явах учиртайг сануулна. Гэхдээ шүлэгт борооны хүйтэн дусалд эхлээд шувуу оногддог тухай дурдаагүйсэн бол, тийм л гунигтай мэдрэмж, тэр жижигхэн далавчны өмнөөс дотор жиндэж, дараагүй аваас цаашлах мөрүүд хэрхэх байсныг мэдэхгүй. Бүх хүн хоёрдмол зан чанартай, тэдгээр нь дотроо мөн л хоёр зан чанар агуулдаг болохыг эртний грекийн мэргэд, Кант, Юнгаас эхтэй өчнөөн л хүмүүс номлодог. Гэхдээ амьдрал ч, хот ч өөрчлөгдөхгүйн жамаар хүн нэг шамдаж, нэг гударч л аж төрнө. Тулсан асуудалтайгаа нэг удаа нүүр тулж, заримд нь бууж өгнө. Олныг нуршилгүй, нийгэм хэмээх аварга механизмын эрэг боолт болсон аж төрөхүйг маань ингээд л хураангуйлчхаж.
Яруу найрагт дадаж, бичих бүртээ шинэ бэлгэдэлт орчин үүсгэх боломжгүй мэт санагддаг. Магадгүй олон шүлгийнхээ дотор оюун ухааныхаа тийм уулыг сүмбэрлүүлж, түүнээсээ салаалж урсах горхи мөнхийн сайхныг гадагш гэрэлтүүлж, дотроо шатаж дуусаж болно. Харин тус номын шүлгүүд бол тийм бэлгэдэлт чанар, ахуйлаг дүрслэлүүдээс ондоо. Учир нь тулаад ирсэн үйлийг хэрхэн туулж байгаагаа, цаашид тэгж амьдрахаа, магадгүй түүндээ тарчилж яваа нэгнийг тайтгаруулж, хань болох онцгой, ямар нэгэн шид харин номын хуудас дахь мөр бадгуудад бий. Тиймээс яг аль шүлгээс ийм үзэл санааны илэрхийлэл үүссэнийг авч үзье.
...Ахиад
зөндөө шөнийн ээлжинд ажиллана
Алсын дуудлагаар үдэш гарч үүрээр ирнэ
Амьдралд өчнөөн асуудал ар араасаа ундарч
Амин чухлаас нь шийднэ, ахиад зөндөө нь үлдэнэ
Дур булаам ч
биш, нүдэнд дулаахан ч биш
Дуудуулсаар дасна, “мөрөөрөө амьтан” гэж!
Тэгсэн ч зүгээр дээ, цэл залуу байна Тэгшхэн нуруу, ажил төрөл ч байна Алдар нэргүй ч мөрөөдөлтэй явахад Амьдрал даанч хайртай, мөрөөрөө амьтдад...
Эхний бадгуудыг үлдээж, энд төгсгөлийг нь хэсэглэн авсан эдгээр мөрүүд бол Тө.Бямбасүрэнгийн яруу найргийн сүм. Өршөөл эрж, өөрийгөө буруутгаж, заримдаа хайрлаж, бусдыг энэрч, дийлэнх нь байдаг тэдгээр “мөрөөрөө амьтдад” урам зориг өгч, тэдэнд амьдрал хэчнээн хайртайг сануулж, алдар нэр, амжилт бүтээлийн төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй яваа тэдгээр бэртэгчнүүдээс бид дор заяанд бүдэрч үлдчихээгүйг, тэдгээр бэртэгчнүүд ч бас хүн мөнийг, дуудуулсаар дадсан тэр л тавилангийн дунд мөрөөдлөө л зольж болохгүйг учирлах тийм сүм юм.
Өөр нэг шүлэгт нь,
...Муурнууд
чинь эрхлэн налдаг бол
Чиний амьдрал орон гэр нь гэсэн үг
Муухай зүйлс өвтгөж байвал
Чи азтай нь дасаагүй гэсэн үг
Цахилгаан
тасрах ч хэцүү шүү,
харин
эргээд ирж байвал
Цаадуул чинь чамайг мартчихаагүй гэсэн үг
Цас мөдхөн дарах нь дээ,
хавар
иртэл тэсчихвэл
Цаг хугацаа чамайг эдгээнэ л гэсэн үг
Ийм мөрүүд бий. Өгүүлэмжийн хувьд анх жишээ авснаас хойших эл гурван шүлэг угтаа нэг бүлэгт ч багтаж болмоор санагдавч үнэндээ элэгдэж хоосроод дараа нь эдгэрч байгаа хүний эмзэглэлийн талаар ултайнхан бодол тунаруулаад үзвэл эрс ялгаатай гэх дүгнэлт илүүтэй жин дарна. Чиний амьдрал өөр нэгний, магадгүй доройхон ч байж мэдэх атал сэтгэлээ халираах учиртай ертөнцийн хувьд гэр орон байж мэдэх. Бусармаг зүйлс өвтгөж байвал чи азтай, түүнд автаагүй дасаагүй гэх ийм л тунгалаг, энгүүн мэдрэмж, ухаарлыг яруу найргаар л илэрхийлж чадах биз ээ. Гэхдээ хүн бүр тийм биш. Цаашлаад хэн нэгэн чамайг мартчихаагүй л байгааг амьдралд үргэлж тулгардаг, бухимдуулдаг зүйлээр нь жишээлээд илэрхийлчхээд үнэхээр л дотогшоо яргана. Тэгээд эцэст нь элэгдэж сурсны дараа эдгэрлийг, тайвшралыг дотроо оршоож чадах гүн утгаа олно.
Магадгүй уран зохиол дотроос яруу найргийн тухай яриа хамгийн хялбархан өрнөх боловч ойлгон таньж, дүгнэн хэлэлцээд тоймтой хариулт, нэгдсэн үзэл санаанд хүрэхэд туйлын хүнд бэрх агаад хязгааргүй, асар гүн, нууцлаг ертөнц байдаг. Тиймээс ихэнх нь яруу найргийг унших, мэдрэхэд анхаарч, гоо зүйг нь нээн, шинжлэн задлахаас зайлсхийж ирсэн шиг сэтгэгдэнэ. Ерөөс яруу найргийг шүүх, шинжлэн задлах, энэ нууцлаг ертөнцийн гүн рүү алгуурхнаар лавшруулан мэтгэх хэр зохистой вэ? Гэвч сайн шүлгийн тухай бид ярилцаж байж л хариултаа авна шүү дээ.
...Өдөр бүр
засаж найруулсаар буй шүлэг шиг
Өдий төдий бүтэлгүйтсэн ч бид амьд байна.
Дундад зууны Андын нуруунаас өлсгөлөн Европыг аврахаар
Испанийн хөлөг онгоцонд ачигдсан төмстэй төстэй чи бид.
Домогт өгүүлснээр гар хөлөө мөчлүүлэн хээр хаягдсан ч
Өлөгчин чонотой нөхцөөд өсөж үржсэн
“Эвгүй гар”-уудын үр сад билээ чи бид.
Нинжин үгсийг эрж, өөртөө, зүдүү бүхэнтэйгээ эвлэрсэн, хөсөр хаягдсанаа мэдээд гутарч яваа нэгэнд зориулсан санагдах шүлгийн төгсгөлөөс хэлтэлж авсан минь энэ. Учир нь яруу найрагчийн бусдад зориулсан хамгийн нинжин үгс нь дээрх мөрүүд юм. Амьдрах тухай, тэмцлийн тухай тунхаг. Хөлөг онгоцонд төмс шиг ачигдаж яваа ч хэн нэгнийг нь аврахын тулд бүтээгдсэн гэх сөрөг эсрэгцлээр томьёолол үүсгэсэн нь, төгсгөлийн мөчид утгыг улам ахиулж жийрхмээр дүрслэлээр хатуужуулсан нь ч тэр шүлгийн адаг дахь хоёр мөр өөд агуулгыг ахиулах чадмаг илэрхийлэл байв. Тэр мөрүүд нь энэ.
...Илжирч
ялзарсан үрнээс шинэ ургац соёолох
Ийм цөхрөлийн дараа ч хүсэл мөрөөдөл чинь бөхөхгүй ээ.
Жиндүү хүйтнээр ороолт дотроо өөрийгөө нууж яваа, түүний шүлгийн мөр шиг бусдад дуудуулж дадсан “мөрөөрөө амьтад” бол бид. Бидэнд алсраад одсон хагацал, араас нь эмтэрч хайрладаг хүмүүс бий. Адгуу зан, ахин нэгэнтээ тохиох учралаас гэлмэж бэргэдэг ичингүйрэл ч бий. Халгаад хүрч чаддаггүй гоо сайхныг сэтгэлдээ тээгээд шатаж яваа залуу нас, хатангир гараараа зээгийнхээ хөлийг дулаацуулж суугаа буурал үстэй эмгэнийг өрөвдөж унагасан нулимс бий. Амьдрал урьдаас зэхэж тулгасан олон нүглийг эдлээд дуусахад авралд багтахгүй юм аа гэхэд энэрэхүйн үүдийг түлхэж дөнгөх болов уу гэж санах зул шиг бодол бий. Халирсан сэтгэлээ гэнэтхэн зад татаад хааш ч юм дүүлж мэдэх эрмэг чанар бий. Түүнийхээ хойно унаж, хорсож, бүтэлгүйтэж, аажмаар хоног өдрүүд хэрхэн бүүдийхийг харж суухдаа л эмзэглэлээ имэрч сураад эргэж босох тэнхэл ч бий. Энэ бүхэн харин Тө.Бямбасүрэнгийн шүлгүүдэд цөм бий.
