
Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцдаж, дэлхийн эрчим хүчний зах зээлд тасалдал үүссэний улмаас газрын тосны үнэ огцом өсөөд байна. Тухайлбал, дэлхийн газрын тосны жишиг болох Брент хольцын үнэ пүрэв гарагт 6 хувиар өсөж, сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа баррель нь 100 ам.долларын босго давлаа.
Үнийн өсөлтөд Ойрхи Дорнодод үүссэн цэрэг-улс төрийн нөхцөл байдал шууд нөлөөлж байна. Түр гал зогсоох хэлэлцээр цуцлагдсаны дараа АНУ-аас Ираны эсрэг агаарын цохилтоо эрчимжүүлсэн бол Хуситын зэвсэгт бүлэглэл Улаан тэнгисээр зорчих тээвэрлэгч танкерууд руу халдлага үйлдсэн нь Ормузын хоолойг тойрч гардаг Саудын Арабын экспортын гол зам хаагдахад хүрлээ. Түүнчлэн Ормузын хоолойн ойролцоо усан онгоцонд дэлбэрэлт болж гал авалцсаны улмаас тээвэрлэлтийн урсгал саатаж, бусад хөлөг онгоцууд замаасаа буцахад хүрээд байна.
Дэлхийн зах зээл дэх хямрал өргөжиж байгаа нь хэрэглэгчдийн түвшинд ч шууд мэдрэгдэж эхэллээ. Их Британийн байгалийн хийн жишиг үнэ нэг терм нь зургаадугаар сарын сүүлчээр 98 пенс байсан бол одоо 150 пенс орчим болж өсөөд байна. Мөн шатахуун түгээх станцуудад бензиний үнэ литр тутамдаа 5 пенсээр нэмэгдэж 1.56 фунт стерлингт дөхсөн бол дизель түлш 1.72 фунт стерлинг хүрсэн юм. АНУ-ын хувьд бензиний дундаж үнэ аль хэдийн нэг галлон нь 4 ам.долларыг даваад байна.
Эрчим хүчний үнийн тасралтгүй өсөлт дэлхийн эдийн засагт дахин инфляцын дарамт үүсгэж болзошгүйг эдийн засагчид болон төв банкны удирдлагууд анхааруулж байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл АНУ-ын Холбооны нөөцийн сан болон Английн Төв банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бодлогын хүүг бууруулах шийдвэр хойшлох эрсдэл үүслээ.