
“Боинг” болон “Локхид Мартин” компанийн хамтарсан “Юнайтед Лонч Альянс” (ULA)-ийн эзэмшлийн Вулкан пуужин ням гарагт Флорида мужаас хөөрснийхөө дараахан осолдож, “Амазон”-ы “Лео” интернэтийн сүлжээнд зориулсан 40 хиймэл дагуулыг тээвэрлэж явснаа алдсан байна. Энэ нь тус пуужин хөөргөх компанийн хувьд анхны бүтэлгүй нислэг болжээ.
Пуужин Флорида мужийн Канавералын хошуу дахь Сансрын хүчний баазаас хөөрснөөс хойш ойролцоогоор 10 минутын дараа ажиллагаа нь доголдсон аж. Шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. Энэ нь хорин жилийн түүхтэй компанийн шинэ гол пуужингийн хувьд томоохон ухралт болжээ. ULA компани “Амазон”-ы өргөжин тэлж буй хиймэл дагуулын интернэтийн сүлжээг тогтмол хөөргөлтөөр хангаж эхлэхээр зорьж байсан юм.
“Хөөргөх ажиллагааны захирлын хүлээн авсан мэдээлэлд үндэслэн, Сансрын хөөргөх цогцолбор 41-ээс хөөрсөн Вулкан пуужин нислэгийн 10 дахь минутад хэвийн бус үзэгдэлд өртөж, “Амазон”-ы даалгаврыг тойрог замд хүргэж чадаагүйг баталж байна” гэж ULA мэдэгдэлдээ дурджээ.
Энэхүү ослын дараа техникийн нарийвчилсан шалгалт удаан хугацаанд үргэлжлэх учир пуужинг хэдэн сарын турш хөөргөх боломжгүй болгож магадгүй юм. Энэ нь салбарын бусад пуужингийн осол, техникийн хүндрэлүүд болон дэлхийн хамгийн идэвхтэй ашиглагддаг пуужин болох “SpaceX”-ийн “Falcon 9”-ийг ашиглалтаас гаргах төлөвлөгөөтэй холбоотойгоор АНУ-ын сансрын хөөргөх хүчин чадалд үүсээд буй саатлыг улам гүнзгийрүүлж болзошгүй.
“Ямар ч пуужин хөөргөх ажиллагаанд эрсдэл байдаг. Ялангуяа LV-01 нэртэй ням гарагийн нислэг шиг анхны даалгавруудад энэбүр ч хамаатай” гэж “Амазон” мэдэгдэлдээ дурдсан байна. “ULA нь “Амазон”-ы найдвартай түнш байсаар ирсэн. Тэд энэ удаагийн нислэгээс сургамж авч, Вулкан пуужингийн урт хугацааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэдэгт бид итгэж байна” гэжээ.
Ням гарагийн нислэг нь 2024 онд анх хөөрснөөс хойш Вулкан пуужингийн тав дахь нислэг байсан юм. Сүүлийн есөн сарын хугацаанд анх удаа хөөрсөн тохиолдол байв. Өмнө нь хатуу түлшээр ажилладаг хажуугийн хөдөлгүүр болон үндсэн шатны BE-4 хөдөлгүүртэй холбоотой тус тусын техникийн шалгалтын улмаас хөөргөх ажиллагаа удаан хугацаагаар завсарлаад байсан юм. BE-4 хөдөлгүүрийг “Амазон”-ыг үндэслэгч Жефф Безосын “Блю Ориджин” сансрын компани нийлүүлдэг.
Энэ асуудалтай танил эх сурвалжийн мэдээлснээр, “Блю Ориджин” компани ням гарагийн ослын шалтгааныг тогтоох шалгалтад ULA-тай хамтран ажиллаж байгаа аж. Эх сурвалж нэрээ нууцлах нөхцөлтэйгээр мэдээлэл өгчээ.