
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр болж, компанийн 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцууллаа.
Хурлын үеэр Төлөөлөн удирдах зөвлөлөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор иргэдэд олгохыг үүрэг болголоо.
Удирдах зөвлөлийн шийдвэрээр 2025 оны цэвэр ашгаас 1072 хувьцаанд ногдох ашгийг иргэдэд олгохоор болсон бөгөөд нэг иргэн татварын дараах дүнгээр 63 242 төгрөг авах урьдчилсан тооцоо гарчээ.
Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлээд буй. Үүнээс Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэнд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцоолжээ.
Ногдол ашгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор иргэдийн банкны нэрийн дансанд шилжүүлэхээр төлөвлөсөн байна.