Балба улс хаант засаглалаа халснаас хойш 17 жилийн хугацаа өнгөрчээ. Тус улсын сүүлчийн хаан Гянендра Шах 78 насны төрсөн өдрөө өчигдөр тэмдэглэсэн байна.

Гянендра Шах арван жил үргэлжилсэн иргэний дайныг дуусгавар болгохын тулд хаант засаглалыг халж, Холбооны бүгд найрамдах засаглал байгуулахыг дэмжсэн юм. Балба улс нь арван жилийн өмнө 2015 онд одоогийн Үндсэн хуулиа баталж байжээ.

Хэдийгээр хаант засаглалыг халсан ч 30 сая гаруй хүн амтай тус улсад сүүлийн үед хаант засаглалыг эргэн сэргээх хүсэлтэй хүмүүс олшрох болсон. Хаант засаглалыг эргэн сэргээхийг шаардсан жагсаал цуглаан ч мөн хэд, хэдэн удаа зохион байгуулагдсан байна.

Хаант засаглалыг халсан ч өнгөрсөн жилүүдэд Балбад улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, авлига хээл хахууль газар авсан, эдийн засгийн хөгжил удааширсан. Тиймээс өнгөрсөн жилээс хойш олон нийт өнөөгийн төрийн бүтэц байгууламжид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх болсон юм.

Балбын сүүлчийн хааны төрсөн өдөрт баяр хүргэх, өргөл барьц, сэтгэлийн бэлэг өгөхийг хүссэн олон зуун хүн цугласан байна.

Шах өөрт нь баяр хүргэхээр ирсэн бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлжээ. Шахын амьдардаг газрын ойролцоох гудамж талбайд туг далбаа барьсан хүмүүс цугласан байна. Тэд уламжлалт ая эгшгийг тоглож баярын уур амьсгалыг оруулжээ.

Балбын нийслэл Катманду хотод байдаг хааны ордон өдгөө музей болсон байна. Тиймээс Шах өндөр хэрэм хашаагаар хүрээлүүлсэн эдлэн газарт аж төрөх болжээ. Хааны хүүхдүүд болон ач зээ нар нь мөн цуглаж, хаанд цэцэг бэлэг сэлт өгч урт наслахыг хүсэн ерөөсөн байна.

Балбын Ерөнхий сайдаар Шарма Оли дөрөв дэх удаагаа сонгогдож, Засгийн газрыг тэргүүлж байна. Түүний Коммунист нам зүүний үзэлтэй Балбын Конгресс намтай эвсэж Парламентад олонхийн суудалтай болжээ. Гэвч эрх баригчид ард иргэдийн төлөө дорвитой ажил хийж чадахгүй байна гэж шүүмжлэлд өртөж байна.

Гянендра Шах ууган ах Бирендра Бир Бикрам Шах хааныг 2001 онд гэр бүлийн хамт аллагын гэмт хэргийн хохирогч болсны дараа хаан ширээг залгамжилж байжээ. Түүнийг хаан сэнтийд заларч байсан он цагт Балбын маоистуудын бослого газар авсан байсан юм. Эцэст нь хямралыг намжаахын тулд 2008 онд Парламентад санал хурааж 240 жил үргэлжилсэн хаант засаглалыг нурааж байжээ.

Хаант засаглал унаснаас хойш Гянендра Шах олон нийтийн өмнө харагдахаа больж, өнөөгийн бусармаг гэж дүгнэгдээд байгаа улс төрийн талаар олон нийтийн өмнө ам нээж байгаагүй. Харин ойрын жилүүдэд дэмжигчид нь олширсноор олон нийтийн өмнө гарах болжээ.

Дэлхийн банкны мэдээллээр Балба улсын өнөөгийн нөхцөл байдал хэд, хэдэн томоохон сорилттой тулгараад байна. Тус улсын нийт ажиллах хүчний 80 гаруй хувь нь албан бусаар хөдөлмөр эрхэлж байна. Балбын эдийн засаг хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбаруудаас хамаарч байна. Түүнчлэн инфляцийн түвшин тийм ч сайнгүй байгаа ажээ.