
Испанийн Барселон хотын оршин суугч 25 настай Ноэлия Кастильо олон сарын турш үргэлжилсэн хууль эрх зүйн маргааны дараа эвтанази хийлгэж нас баржээ.
Тэрбээр 2022 онд ноцтой гэмтэл авч, саажилттай болсон бөгөөд үүнээс хойш амьдралаа дуусгах “эрх”-ийн төлөө тэмцэж байсан байна. Испани улсын эрх баригчид 2024 онд түүнд эмнэлгийн тусламжтайгаар "нас барах" зөвшөөрөл олгосон ч түүний аав эсэргүүцэн шүүхэд хандсанаар үйл явц түр зогссон юм.
Аав нь охиноо сэтгэцийн эмгэгтэй, энэ нь шийдвэр гаргах чадварт нь нөлөөлсөн гэж үзэж байсан бөгөөд хүний амийг хамгаалах үүргийг төр хүлээх ёстой гэж маргасан байна. Түүнийг консерватив чиглэлийн Abogados Cristianos байгууллага дэмжжээ.
Энэхүү маргаан 18 сарын турш үргэлжилж, эцэст нь Европын хүний эрхийн шүүх эмэгтэйн талд шийдвэр гаргаснаар эвтанази хийх боломж бүрдсэн байна.
Ноэлия Кастильо нас барахаасаа өмнө өгсөн ярилцлагадаа аав нь өөрийн шийдвэрийг хүндэтгээгүй гэж хэлсэн бөгөөд “амьдралынхаа туршид туулсан зовлонгоо дуусгахыг хүсэж байна” хэмээн ярьжээ. Тэрээр хүнд хэцүү бага нас, хүчирхийллийн тохиолдлуудын талаар мөн дурдсан байна.
Түүний ээж охиныхоо шийдвэртэй санал нийлэхгүй ч хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Испанид эвтаназийг 2021 оноос хуульчилсан бөгөөд 2024 онд 426 хүн ийм зөвшөөрөл авчээ. Ноэлия Кастильогийн хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн анхны тохиолдол болж байна.
Эвтанази гэдэг үг εὖ - сайн + θάνᾰτος - үхэл гэдэг грек үгнээс үүсэлтэй бөгөөд эдгэршгүй хүнд өвчтөнийг өөрийнх нь болон гэр бүлийнхнийх нь хүсэлтээр эмнэлгийн тусламжтайгаар зовлонгоос нь ангижруулахыг хэлдэг. Эвтаназийг Гиппократын тангарагтай зөрчилдөнө гэж үздэг хэдий ч дэлхийн улс орнууд ээлж дараалан хуульчилсаар байна.