Ерөнхий сайд Г.Занданшатар АН-аас бусад парламентад суудалтай нам, эвсэлд Засгийн газарт хамтран ажиллах саналаа хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан "Үндэсний эвсэл"-ээс УИХ-д сонгогдсон Д.Пүрэвдаваа гишүүн сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Том намын шийдвэрийг харж байгаад яаралгүй шийдвэрээ гаргах нь зөв байх. Миний хувьд төр цомхон байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд багаа бүрдүүлээд орж ирнэ. МАН-ын гишүүдэд бүгдэд нь таалагдахгүй шийдвэр гарахгүй байх магадлалтай.

Төр тогтвортой байх үүднээс бол хамтрахаас өөр арга байхгүй. 126-гийн 68 нь МАН, 58 нь бусад. Тоогоороо бол 10-ын зөрүүтэй ч санал хураалт явуулахад тав нь нөгөө талдаа гарчихвал 63:63 болно. МАН-ын 68 дотроос гомдох таван хүн амархан олдоно. Ингэвэл 1996-2000 оны түүх давтагдаж Засгийн газар нь олон удаа унавал Монгол Улсад итгэх гаднын байгууллага олдохгүй.

Хууль зүйн талаас нь бодвол МАН дангаараа засгаа бүрдүүлээд явах хэрэгтэй. Харин иргэний талаас бодвол хамтрахаас өөр гарцаагүй.

Миний ойлгож байгаагаар 17-18 яамтай болох юм шиг байна. 17-18 яамандаа ажлын шаардлагаар дэд сайд томилохоор болбол буруутгаад байх шаардлага алга. УИХ-ын гишүүн сайдаар ажиллаж байгаа тохиолдолд ихэнх цагаа парламентдаа зориулж яамных нь ажил хаягддаг. Тиймээс энэ бүхнийг тооцож шийдвэр гаргах хэрэгтэй. Харин дэд сайд нь ямар эрх ямба эдлэхийг олон нийтэд ил болгох нь зөв" гэв.