
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли болон тус суурин төлөөлөгчийн газрын Тээврийн ахлах мэргэжилтэн Эдвард Бьюкэс нартай уулзаж Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг шинэчлэх төслийн санхүүжилтийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уг төслийн санхүүжилтийг Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувэйтийн сантай хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байсан ч олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан санхүүжилтийн эх үүсвэрийг өөрчлөх шаардлага үүссэн байна.
Баруун аймгууд руу зорчих гол зам төдийгүй олон улсын транзит тээврийн чухал коридор Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг 6 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ТЭЗҮ судалгаа, зураг төсөл бүгд хийгдээд буй. Тиймээс Дэлхийн банкны зүгээс хөрөнгө оруулалт хийх, санхүүжүүлэх боломжийг эрэлхийлж байна. Уулзалтын үеэр талууд төслийн урьдчилсан судалгаа, техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл болон авто замын өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улс болон бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ илэрхийлж, Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийн судалгааны ажлуудтай яаралтай танилцаж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.