
Ирландын суут зохиолч Оскар Уайлдын амьдрал, уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах “Oscariana: A Wilde Festival” наадам аравдугаар сарын 16, 18-нд Дублин хотод зохион байгуулагдана.
Дөрөв дэх жилдээ болох тус наадам нь Уайлдын төрсөн өдөр болох аравдугаар сарын 16-ныг тохиолдуулан зохиолчийн утга зохиолын өв, театрын бүтээл, уран сайхны үзэл санааг орчин үеийн соёлын олон хэлбэрээр дахин нээн харуулах зорилготой юм. 1854 оны аравдугаар сарын 16-нд Дублин хотод төрсөн Оскар Уайлд нь хурц егөөдөл, уран цэцэн хэллэг, нийгмийн ёс суртахуун болон хүний мөн чанарыг шүүмжлэлт өнцгөөс харуулсан бүтээлүүдээрээ дэлхийн уран зохиолын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг билээ.
Энэ жилийн наадмын хөтөлбөрт кино үзвэр, театрын тоглолт, яруу найраг, хөгжмийн үзүүлбэр, зохиолчийн бага нас болон уран бүтээлийн замналтай холбоотой газруудаар хийх аялал багтжээ. Тухайлбал, Уайлдын алдарт “Дориан Грейн хөрөг” романаас сэдэвлэсэн 1945 оны кино, түүний жүжгүүдийн дэлгэцийн хувилбаруудыг Дублины хэд хэдэн кино театрт толилуулна. Мөн зохиолчийн бага насаа өнгөрүүлсэн "Merrion Square" дахь гэрт нь түүний амьдрал, уран бүтээлийг өгүүлэх “The Importance of Being Oscar” жүжгийг тоглох бөгөөд зочид байшинг үзэж, гэр бүлийнх нь түүхтэй танилцах боломжтой.
Наадам нь утга зохиолын өвийг зөвхөн номын хуудаснаас бус, кино, театр, хөгжим болон түүхэн орон зайн уялдаа холбоогоор дамжуулан мэдрүүлэхийг зорьж байна.