
Малайзын Кланг хотод болсон шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгдсэн дүн гарлаа. 47 орны 390 орчим шатарчин өрсөлдсөн тус тэмцээнээс манай шатарчид хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 1700 хүртэлх чансаатай шатарчдын ангилалд “Их заргач” клубын шатарчин Л.Долгормаа есөн өргөөс 7.5 оноотой авснаар түрүүлж, сонирхогчдын дэлхийн аварга боллоо. 13 настай түүний хувьд их мастер Г.Мөнхгалын удирдлагад бэлтгэлээ базаадаг тэрбээр сонирхогчдын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын 24 дэх шатарчин боллоо. Л.Долгормаа энэхүү тэмцээнд түрүүлснээрээ Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолонд хүрэв. Уг ангилалд өсвөрийн улсын хошой аварга Н.Сод-Эрдэнэ 7.5 оноогоор мөнгөн медаль хүртжээ.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 1700 хүртэлх чансаатай шатарчдын ангилалд их мастер Б.Гүндаваагийн үүсгэн байгуулсан “Гэгээн арвай” клубын тамирчин Б.Жавхлан алтан медаль хүртлээ. 113 шатарчнаас 98 дугаарт эрэмбэлэгдсэн тэрбээр есөн өргөөс 8.5 оноо авахдаа найман хожил, нэг тэнцсэн амжилтыг үзүүлснээр Монголоос төрсөн 25 дахь аварга цолтон болж байна. Энэ ангилалд “Chess mind” клубыг үүсгэн байгуулагч, спортын дэд мастер М.Батням есөн өргөөс долоон оноо авснаар хүрэл медаль хүртжээ.
Харин эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансаатай шатарчдын ангилалд шатар сонирхогчдын Азийн аварга, “Босоо ноён” клубын шатарчин Э.Одмаа мөнгөн медаль, “Стейниц Монголын шатрын академи”-ийн тамирчин З.Наранзаяа хүрэл медалийн эзэн болсон байна.
Шатар сонирхогчдын ДАШТ-ээс манай шатарчид 2010 оноос хойш 49 медаль хүртээд байна. Ингэхдээ 25 алт, 12 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ.
Эмэгтэйчүүдийн 1700 хүртэлх чансаатай шатарчдын ангилалд “Их заргач” клубын шатарчин Л.Долгормаа түрүүллээ