
Украины ерөнхийлөгч Володимир Зеленьский тус улсын зэвсэгт хүчин Ираны “Шахед” дронуудыг АНУ болон түүний холбоотнуудын төлөө Ойрхи Дорнодод унагасан гэж хэлжээ. Энэ нь Киев Ираны эсрэг дайнд ямар нэг хэмжээгээр оролцож байсныг ил тод хүлээн зөвшөөрсөн ховор тохиолдол болж байна.
Зеленскийгийн хэлснээр, дрон сөнөөх ажиллагаа нь ОХУ Украинд ашиглаж буйтай төстэй зэвсгүүдийн эсрэг түнш орнуудад туслах өргөн хүрээний хүчин чармайлтын нэг хэсэг байжээ.
Энэ нь Украин АНУ болон бүс нутгийн холбоотнууддаа үзүүлсэн тусламжаа анх удаа олон нийтэд ил тод мэдэгдэж буй явдал юм.
Зеленский хэлэхдээ, Украины хүчнийхэн дотооддоо үйлдвэрлэсэн, байлдаанаар шалгагдсан таслан зогсоогч (interceptor) дронууд ашиглан идэвхтэй ажиллагаанд оролцсон байна. Гэвч тэрээр яг аль улсуудад энэ ажиллагаа явагдсан талаар тодорхой мэдээлээгүй юм. “Энэ нь сургалт эсвэл дадлага биш, харин бодитоор ажиллах чадвартай орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах системийг бий болгоход үзүүлсэн дэмжлэг байсан” гэж тэр хэлжээ.
Тэрээр мөн Ойрхи Дорнодын орнууд батлан хамгаалах системээ Украины мэргэжилтнүүдэд нээж өгсөн бөгөөд тэдгээрийг хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өгсөн гэж мэдэгдэв. “Бид мөн тийрэлтэт хөдөлгүүртэй дронуудыг ч унагасан. Энэ бол сайны дохио. Энэ ажиллаж байгааг бид харуулсан. Одоо ийм төрлийн дрон устгах таслан зогсоогчийг олноор үйлдвэрлэх нь цаг хугацааны асуудал” гэдгийг Зеленский онцолсон байна.
Өмнө нь гуравдугаар сард тэрээр Украин Ираны дроны довтолгооноос хамгаалахад Ойрхи Дорнодын таван улсад тусалж байгаа гэж мэдэгдэж байсан. Түүний хэлснээр АНУ болон Европын орнууд ч Украинтай ижил төрлийн дэмжлэг хүссэн бөгөөд энэ нь ОХУ-тай олон жил үргэлжилсэн дайны явцад хуримтлуулсан туршлагатай холбоотой аж.
Украин одоо хямд өртөгтэй, үр дүнтэй, байлдаанаар шалгагдсан таслан зогсоогч дронуудын тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болсон гэж мэдэгдэж байна. Энэ төрлийн системүүд нь Оросын довтолгооноос хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Мэдээллүүдэд дурдсанаар, АНУ болон Израил Иранд цохилт өгсний дараа Украин 228 орчим дрон болон цэргийн хамгаалалтын мэргэжилтнийг Ойрхи Дорнод руу илгээж, АНЭУ, Саудын Араб, Катар, Кувейт, Иордан зэрэг орнуудад тусалсан байна.
Үүнийхээ хариуд Украин Персийн булангийн орнуудтай эрчим хүчний тогтвортой байдлаа бэхжүүлэх чиглэлээр тохиролцоонд хүрэхийг зорьжээ. “Бид тэдний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тусалж, хариуд нь манай улсын тэсвэрлэх чадварыг дэмжих хувь нэмэр авч байна. Энэ нь зүгээр мөнгө авах асуудлаас хавьгүй илүү” гэж Зеленский хэлсэн байна.
Украины удирдагч гуравдугаар сарын сүүлээр АНЭУ, Саудын Араб, Катарт гэнэтийн айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр тэд Ираны дрон, пуужингийн довтолгоог няцааж байв.
Зеленский эдгээр гурван улстай 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд урт хугацааны стратегийн хамтын ажиллагаа, хамтарсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, эрчим хүчний хамтын ажиллагаа болон байлдааны туршлага солилцох зорилготой байгааг дурдсан. “Украины компаниуд эдгээр улсын зэвсэгт хүчинтэй хамтран тодорхой объектуудыг хамгаалахад ажиллана. Миний зорилго бол хэмжээ, үйлчилгээ, зэвсгийн төрлийг тохиролцох. Одоогоор Оман улстай аюулгүй байдлын хэлэлцээ явагдаж байна. Мөн Кувейт, Бахрейнтай хэлэлцэж байна” гэж тэр сошиал сүлжээнд бичжээ.
Зеленский Украинд ирэх дэмжлэгийн талаар тайлбарлахдаа “Зарим тохиолдолд манай эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах таслан зогсоогч системүүд ирнэ, заримд нь санхүүгийн хэлцэл багтана. Энэ бүхэн манай эрчим хүчний тогтвортой байдлыг бэхжүүлэх нэг жилийн гэрээнүүдтэй. Мөн Украинд газрын тос, дизель түлш нийлүүлэх асуудал ч багтсан” гэжээ.