Хэдэн настайдаа гадаадад сурах нь зөв бэ?
Ерөнхий боловсролын сургууль төгсч буй төгсөгчдийн хамгийн чухал сонголт хаяанд ирлээ. Дунд сургуулийн хөтөлбөр бүрэн эзэмшсэн сурагчид их, дээд сургуульд орох сонголтоо хийгээд эхэлжээ. Гэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтын дараа олон сурагч сонголтоо хийдэг. Ихэнх сурагчид аль болох гадаадын их, дээд сургуульд сурах хүсэлтэй болсон.
Бидэнд хамгийн ойр БНСУ-д сурч буй оюутнууд анхаарал татдаг. Тус улсад сурч буй монгол оюутнуудын 89 хувь нь визийн хугацаа дууссаны дараа ч эх орондоо ирэлгүй үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй байдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Мөн тус улсад сурахаар очсон оюутнууд хэлний бэлтгэлийн хугацааг дуусгалгүй харлах тохиолдол гардаг байна. Энэ байдал нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж өдгөө тус улсад “бурхны виз”-тэй байгаа 17 мянган монгол иргэдийн тодорхой хувийг оюутнууд эзлэх болжээ.
Нэгэн жишээ:
2022 онд 12 дугаар ангиа төгссөн сурагч А нь БНСУ-д сурах хүсэлтээ өгч өөрийн хүссэн сургуульдаа оржээ. Сөүл хотод ойр нэгэн дээд сургуулийн хэлний бэлтгэлд очсон ч тухайн оюутанд хэлний бэлтгэлийн урт хугацаа төвөгтэй санагдсан аж. Хэдийгээр Солонгост сурна гэж очсон хэрнээ солонгос хэлийг сурахаас илүү англи хэл сурах нь илүү чухлыг анзаарсан байна. Ингэж явсаар нэг мэдэхэд оюутан А хэлний бэлтгэлийн нэг жилийн хугацаанд хоёр ч удаа шалгалтад унаж, сургуулиасаа анхааруулах хуудас авчээ. Энэ байдлаа эцэг, эхдээ хэлж чадаагүй оюутан нэг жилийн дараа гэхэд хүссэн кредитээ цуглуулж чадсангүй. Ажил хийж хичээлээсээ байнга хоцрох болсон хүүг сургуулийн захиргаа анзаарсан байна. Түүнд сургуулиас нь визний сунгалтыг хийхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхөөс татгалзжээ. Гэхдээ тэр энэ асуудлаа гэр бүлдээ хэлэлгүйгээр ажлын байранд шилжих буюу шууд визгүйгээр амьдрах сонголтыг дур мэдэн хийсэн байна. Хэрвээ энэ оюутан Монголдоо сурсан бол гуравдугаар курсийн оюутан, ирэх жил сургуулиа төгсөнө гэсэн хүсэл тэмүүлэлтэй байх байлаа. Гэтэл түүнд одоо виз байхгүй, мөн сурч байгаа сургууль ч үгүй. Нөгөө “бурхны виз”-тэй 17 мянган монгол иргэний нэг болжээ.
“Юниверсал” англи хэлний төвийг үүсгэн байгуулагч Н.Амаржин
“Ахлах сургуулиа төгсөөд гадаадын их, дээд сургуульд сурахаар явбал үр дүнтэй юм байна гэж харсан. Ихэнх хүүхэд биеэ даах чадварт суралцах давуу талтай. Хүүхэд бүрийн онцлог өөр учраас ялгаа бас бий. Англи хэлний мэдлэгтэй хүүхдүүд бэлтгэгдэж байна. Олон ч хүүхэд гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа. Ази болон Европ тивийн ялгаа өөр, өөр байдаг. Европ тивд сурч байгаа хүүхдүүд илүү бүтээлч байна. Гэтэл Ази тивд сурч байгаа хүүхдүүд цаг сайн баримталдаг гээд давуу тал их. Аль болох дунд сургуулиа төгсөөд гадаадын их, дээд сургуульд шууд суралцахад тухайн орны соёлд дасан зохицохоос эхлээд хүүхдүүд биеэ даан сурах чадвар нь илүү сайжирдаг юм байна гэж харсан.”
Нэгэн эргэлзээ:
17 насандаа англи хэлний бүх шалгалтыг давж хүссэн оноогоо авч чадсан Б гэдэг оюутан Европод сурах сонголт хийжээ. Тавдугаар ангиасаа эхлэн англи хэлний төрөлжсөн сургуульд явсан охин үеийнхнээсээ түрүүлж гадаадын их сургуулийн урилга авч чадсан байна. Хэдийгээр мөрөөдөлдөө тэр хүрч чадсан ч Их Британид очсоны дараа амьдрал тэс өөр гэдгийг ойлгосон. Насанд хүрээгүй байхдаа их, дээд сургуульд сурах болзол хангасан ч тухайн улсын хуулийн дагуу эцэг, эх, асран хамгаалагчийн хамт ирээгүй бол мэдээж хатуу хяналтад байхаас аргагүй. Энэ байдал гэрээсээ гарч үзээгүй охинд багагүй хүндрэлтэй болсон байна. Ази соёл тэр дундаа Европ ахуйн амьдрал тэс өөр гэдгийг охин сургуульдаа очсон хойноо л мэджээ. Сайн дүнтэй байсан ч, сайн англи хэл мэддэг байлаа ч эцэг, эхээсээ хол оюутанд асуудал их байх нь аргагүй. Мэдээж Азийн аль нэг оронд сурсан бол бэрхшээлийг давахад бас дөхөм. Гэтэл Европ тивд очиж үзээгүй охины сонголт бас амаргүй байгаа нь ойлгомжтой.
Би англи хэлийг багаасаа сурсан учраас хэлний асуудал гардаггүй. Европ тивд сурахад хэцүү зүйл нь монголчууд маш бага байдаг. Манай хотод монгол хүн цөөхөн. Сургуулийн дотоод журмаас шалтгаалаад 24 цагийн дотор мэдээлэл заавал өгөх ёстой байдаг. 18 нас хүрээгүй бол тэнд бүх зүйл хяналттай учир мэдээлэл байнга нэхнэ.
Европ тивд Ази хүмүүс бага. Гудамжаар
явахад хүртэл Ази хүн байна гэж хардаг. Сургууль дээр нэрээ өөрчлөхөөс эхлээд
ялгаа их гарна. Давуу тал нь бие дааж сурах чадвар илүү сайжирсан. Ази тивд
сурч байгаа найзуудаа харахад олуулаа сурч байгаа учраас давуу тал их байна гэж
анзаарсан.
17 настай Н
Гадаадад гараад сурвал бүх зүйл амархан мэт төсөөлдөг. Гэхдээ аль болох хурдан их сургуульд сурч хилийн дээс алхах нь зарим сурагчийн хувьд мөрөөдөл нь мэт байдаг. Энэ бол боломжгүй зүйл биш ч эхлээд эх орондоо бакалаврын боловсролыг авах нь зүйтэй гэдгийг зарим хүн зөвлөдөг. Эх орондоо сурч байхдаа олон улсын хөтөлбөрт хамрагдаж үзээгүй, сайн дурын арга хэмжээнд оролцож чадаагүй, мөн багаар ажиллах арга барил дутмаг зэрэг олон шалтгаанаар зарим сурагч хүссэн гадаадад сургуульдаа орж чаддаггүй.
“Аль болох гадагшаа хурдан гарч сургуульд орвол ажил хийгээд эцэг, эхээсээ сургалтын төлбөр авахгүй зохицуулна” гэсэн бодол олон сурагчид төрдөг. Энэ нь эсрэгээрээ эрсдэлтэй сонголт болдог. Ямар эрсдэл хэзээ, хэнд ирэхийг хэн ч урьдчилан мэдэхгүй. Хүссэн гадааддаа очсон ч бүх зүйл яг төсөөлж байснаас нь тэс өөр байдаг.
Нэгэн сануулга:
Ерөнхий боловсролын дунд сургуулиа төгссөн сурагч Т дотоодын их сургуульд хангалттай сурах оноотой байжээ. Гэхдээ тэр гадаадад сурах хүслээ эцэг, эхээсээ нуусангүй. Энэ байдлыг нь дэмжсэн гэр бүл нь түүнийг БНСУ-д сурахад бүхий л боломжоор дэмжжээ. Сөүлд очсон хүүд эхэндээ хичээл нь амархан бас сул цаг зав их гарч байгаа санагдаж. Тиймээс цагийн ажил хийж мөнгө олох амархан санагдсан байна. Энэ үед нь гэрийнх нь ойр амьдардаг нэгэн ах түүнд цагийн ажил олж өгөх зэргээр тусалдаг болжээ. Үүнд урамшсан хүү хичээлээ тараад нөгөө ах руугаа яарах болсон байна. Түүнд “Энэ солонгос хүн их сайн хүн юм” гэсэн бодол төржээ. Сургуульдаа сураад гурван сар ч болоогүй хүүд нөгөө итгэлт ах нь нэг ажил даалгасан байна. Хүнд юм хүргэж өгөх ажил байсан учраас хүү юу ч бодолгүй зөвшөөрчээ. Харамсалтай нь, энэ нь хар тамхи байж таарч цагдаад үйлдэл дээрээ баригдсан байна. Ингээд л хүү ямар ч гэмт хэрэг хийгээгүй хэрнээ хүнд хориотой бараа дамжуулсан хэргээр саатуулагджээ. Олон сар дамжсан шүүх хурлын дараа хүү буруутан болж шүүхээс хорих ял авсан байна. Сургуульд сурна гэсэн итгэл найдвартай Сөүлд очсон хүү “сайн ах”-ын үгэнд итгэж хайрцагтай юм бусдад дамжуулсны төлөө хоёр жилийн хорих ял авчээ. Түүнд одоо хорихоос хурдан гарч эх орондоо ирэх хүсэл тэмүүлэл л үлдсэн байна. Энэ мэтчилэн бусдад хууртагдан хоригдох болсон оюутны тоо нэмэгдэж байгаад БНСУ-ын Элчин сайдын яамнаас удаа дараа сануулдаг. Гэвч оюутнууд гэнэн томоогүй, итгэмтгий зангаасаа болж алдсаар байна.
Хэрвээ таны хүү, охин гадаадад сурах хүсэлтэй байгаа бол тэд сурагчийн ширээнээс шууд гадаадын их, дээд сургуульд сурахад бэлэн болсон уу? Энэ асуулт өнөөдөр айл бүрд яригдаж байгаа. Бид хүүхдээ хэдэн настайд нь гадаадын их, дээд сургуульд явуулах вэ? Хамгийн түрүүн дотоодын их, дээд сургуульд сурах нь чухал. Эх орондоо суурь боловсролоо сайн эзэмшсэн хэн ч дараагийн шатлалд хаана ч сурах боломж нээлттэй болсон. Гэхдээ 18 нас хүрээгүй хүүгээ, охиноо гадагш нь явуулж, ирээдүйг нь зөвхөн өөрт нь даатгах эсэхээ бодох хэрэгтэй.