
Хүний гэм буруутайг бас гэм буруугүйг шүүхийн өмнө шинжлэх ухааны үндэслэлээр нотлон баталж харуулдаг мэргэжлийн хүмүүсийг бид шинжээч гэж нэрлэдэг. Тэдний ажил мэргэжлийн онцлогийг харуулсан “Шинжээч” хэмээх 12 ангит цуврал өнгөрөгч бямба, ням гарагт Боловсрол телевизээр цацагдлаа. “Хүлэгү” пикчерс, “Номадиа” пикчерс, “Шүүх шинжилгээний ерөнхий газар”-ын хамтран бүтээсэн тус кинонд МУГЖ О.Гэрэлсүх, жүжигчин Х.Сумъяадорж, МУСТА Ч.Булган, Т.Сэргэлэн, Н.Баясаа, Э.Мөнхтөр, жүжигчин А.Хулан, Г.Номин нар тогложээ.
“Шинжээч” цувралыг бодит гэмт хэргээс сэдэвлэн бүтээсэн учир 12 төрлийн кэйс гарах аж. “Хүлэгү” пикчерсийн уран бүтээлчид өмнө нь “Мөрдөгч”, “Хавтаст хэрэг 1, 2” гэсэн гэмт хэргийн сэдэвт олон ангит кино бүтээж байсан туршлагатай бөгөөд энэ сэдвээр хийсэн дөрөв дэх цуврал нь “Шинжээч” болж буй юм. Нийгэм дэх гэмт хэргийн тоог бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх мессэж түгээх, гэмт хэрэгтэнд гишгэх газар олддоггүй гэдгийг батлан харуулах зорилгоор энэ төрлийн кино бүтээл туурвидгаа нээлтийн үеэр тэд онцлон дурдаж байлаа.
Гурван улирал дамнасан нүсэр зураг авалттай, 100 гаруй уран бүтээлчийн хөдөлмөр шингэсэн энэхүү киноны ерөнхий найруулагчаар Г.Батбаяр ажилласан байна. Сэдвийн онцлогоос хамааран үдшийн цагаар зураг авах, хэргийн газрын орчин бүрдүүлэх, амь хохирогчийг нүүр хувиргалтын тусгай аргаар хийх, павильон барих зэргээр нарийн ажиллагаатай бүтээл болсныг уран бүтээлчид тэмдэглэж байлаа.
“Шинжээч” олон ангит киног бямба, ням гараг бүрийн 22:00 цагаас Боловсрол телевизээр үзэх боломжтой. Мөн даваа гараг бүр Юнивишн, Лүүктв, Ддэшийн кино багцад түрүүлж байрших юм.