
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Инфляцын түвшин 10.1 хувьд хүрлээ
Үндэсний Статистикийн газраас баасан гарагт өгсөн мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өссөн байна.
4 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 10.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 19.3 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.4 хувиар тус тус өслөө.
Инфляцын түвшин 2025 оны 4 дүгээр сард 8.6 хувь байсан бол 2026 оны 4 дүгээр сард 10.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар өссөн дүнтэй. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар (19.1%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.7 нэгж хувиар (36.4%) тус тус нөлөөлжээ.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудал хуралдаж Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэх маргааныг хэлэлцлээ. Иргэн Д.Отгонбат Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.1-т “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна” гэж заасан нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэн Цэцэд мэдээлэл гаргасан юм. Цэцийн Дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Сандаг-Очир гишүүн оролцов.
Цэц Ерөнхийлөгчийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэлээ. Тодруулбал, "Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт "Бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн 30.2 дах хэсэгт зааснаар дөрвөн жил байна" гэж заасны дөрвөн жил гэсэн нь Үндсэн хуулийн 30.2 дах хэсгийн "Ерөнхийлөгчөөр зургаан жилээр хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэснийг зөрчсөн байна. Ерөнхийлөгчийн тухай хуулийн дөрвөн жил гэж заасныг Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 2026 оны тавдугаар сарын 8-наас түтгэлзүүлсүгэй. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас 15 хоногийн дотор хэлэлцэж хариу илгээхийг УИХ-д даалгаж байна" гэсэн дүгнэлт гаргав.
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг батлахаас татгалзав
Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Хууль, тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх бус нийт гишүүдийн олонхи буюу хамгийн багадаа 64 гишүүний саналаар баталдаг. Гэвч энэхүү хуулийн төслийг батлахыг 61 гишүүн дэмжлээ. Ингэснээр хуулийн төсөл батлагдсангүй, хууль санаачлагчид нь буцаав.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн. Төслийн агуулга нь Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Энэтхэг улсын Засгийн газраас авсан, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээл, Сэлбэ дэд төвийг бүтээн босгохоор бонд босгож авсан зээлүүдийг өрийн хязгаараас гаргаж бүрэн зарцуулах байв. Энэ хуулийг төсөл батлагдсан бол дээрх гурван төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах зээлийн хэмжээ өрийн хязгаарт хамаарахгүй болох байлаа. Ийм хууль баталж авсан зээлээ хязгааргүйгээр бүрэн зарцуулахгүй бол эдгээр төслүүдийн бүтээн байгуулалт удаашрахаар болоод байгааг хууль санаачлагчид учирласан юм. УИХ-ын дарга С.Бямбацогт ч санал хураалтын өмнө "Энэ чухал санал хураалт шүү, гишүүдээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтаа эрчимжүүлж эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авах, дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болж шатахууныхаа үнийг бууруулах ач холбогдолтой төсөл шүү" гэсэн юм. Гэвч УИХ хуулийн төслийг батлахаас татгалзлаа.
Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед Сэлбэ дэд төвийн төслийг хуулийн төслөөс хасах ёстой гэсэн маргаан үүссэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч хэлэлцсэн. Хуулийн төслийг батлахгүй унагаж байгаагаас харвал нэгдсэн ойлголцолд хүрээгүй бололтой.
С.Баярцогтыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонголоо
АН-ын Үндэсний бодлогын хороо намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг сонголоо. Тус намын дарга О.Цогтгэрэл намынхаа ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн юм. Үндэсний бодлогын хорооны 338 гишүүн санал хураалтад оролцож, 224 гишүүний саналаар С.Баярцогтыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ. Ингэснээр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан тэрээр жинхлэгдлээ. Мөн АН-ын дэд даргаар Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Н.Ганибал, П.Мөнхтулга, Ч.Өнөрбаяр нарыг сонголоо.
ҮБХ-ны өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах журмаа баталсан байна.
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалт эхлэв
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн бүтээн байгуулалт эхэллээ. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барих юм.
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч, 20 хувийг төрийн түншлэгч тал хариуцах юм. Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 43 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй.
Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын хуралдаанаас "Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталлаа. Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн тодруулснаар эхний ээлжид цахилгаан дулааны үнэ тарифыг хөндөхгүйгээр үйлдвэрлэлийн болон дамжуулах өртгийг багадаа гурван хувиар бууруулах юм. Түүнчлэн дулааны тоолууртай болгох ажлыг гуравдугаар улирлаас хэрэгжүүлж эхэлнэ. Нийт орон сууцны 53 хувь нь тоолуур тавих боломжтой аж.
Олны анхаарлыг татсан шүүх хурал
Өнгөрсөн жил жирэмсэн эмэгтэйг 4 настай охиных нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, 3 настай охины биед хүнд гэмтэл учруулсан М.Батчулуунд шүүх бүх насаар нь хорих ял оноолоо.
Гэмт хэрэгтэн М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ. Улмаар биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдийг онц харгис, хэрцгийгээр алсан гэм буруутайд болон биеэ хамгаалах чадахгүй бага насны хүүхдийг алахыг завдсан гэм буруутайд тус, тус тооцжээ.