
АНУ-ын Теннесси мужийн шоронгийн тогтолцоог хариуцсан албан тушаалтан Криста Пайкийн цаазын ялыг гүйцэтгэх ажиллагааг удирдсанаас хэдхэн хоногийн дараа огцрохоо мэдэгджээ.
Тус мужийн захирагч Билл Ли Теннесси мужийн Засах газрын комиссар Фрэнк Страда энэ сарын сүүлээр албан тушаалаасаа огцорно гэж мэдэгдэв. Тэрбээр уг шийдвэрийг цаазын ялыг гүйцэтгэх ажиллагаа бүтэлгүйтсэний дараа зайлшгүй шаардлагатай алхам хэмээн тайлбарласан байна.
“Комиссар Страда үүргээ шударгаар гүйцэтгэж ирсэн ч энэ хүнд нөхцөлд Теннесси мужийн иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавихад бэлэн байсанд нь талархаж байна” гэж Ли мэдэгдэлдээ дурджээ.
Страдагийн оронд хэнийг томилохыг одоогоор зарлаагүй байна.
Страда Теннесси мужид гурван жилийн өмнө албан тушаалаа хүлээн авчээ. Тэрээр өмнө нь Аризона мужийн засан хүмүүжүүлэх газрын өндөр албан тушаалтнаар ажиллаж байжээ. Страдаг удирдаж байсан хугацаанд Аризонад хэд хэдэн цаазын ялыг гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл гарч байсан аж.
“Энэ шалгалтыг явуулах нь зайлшгүй шаардлагатай гэж би бодож байна. Юу болсон талаар яг таг тогтооход чадах бүхнээрээ туслахыг хүсэж байна” гэж Страда мэдэгдэлдээ хэлээд, Пайкийн цаазын ялыг гүйцэтгэсэн ажиллагааг түүний харьяалах байгууллага зохих ёсоор явуулсан гэжээ.
Пайк лхагва гарагт цаазын ялыг гүйцэтгэхэд хэрэглэдэг пентобарбитал эмийг хоёр удаа тарьсан ч бүтэлгүйтэж улмаар түүнийг эмнэлэгт хүргэсэн байна.
Пайкийн өмгөөлөгчид “Пайкад тохиолдсон зүйл нь зөвхөн нэг хүнээс шалтгаалсан бус, системийн хэмжээнд гарсан алдаа гэдгийг харуулж байна” гэж мэдэгдсэн. Тэд мөн “Захирагчийн зарласан бүрэн, хараат бус шалгалтаар Теннесси мужийн цаазын ялын тогтолцоонд бүхэлд нь бий болсон ноцтой асуудлууд ил болно гэж найдаж байна” гэжээ.
Пайкийн өмгөөлөгчид баасан гарагт шүүхэд гаргасан баримт бичигтээ түүнийг амьсгалын аппаратад холбон, интубаци хийсэн бөгөөд эмнэлгийн ажилтнууд эмийг биеэс нь гадагшлуулах арга хэмжээ авсан талаар мэдэгджээ. Судсаар эм хийх шугамд асуудал гарсны улмаас пентобарбиталыг цусны судсанд биш, биед нь буруу тархсан гэж үзсэн байна.
Пайк 1995 онд өөр нэгэн залуу эмэгтэйг тамлан зовоож, хөнөөсөн хэргээр цаазын ял сонсохдоо 18 настай байжээ. Тэрээр цаазын ял хүлээсэн хамгийн залуу эмэгтэйчүүдийн нэг болсон юм.
Захирагч Ли мужийн зүгээс уг хэргийг шалгаж дуустал энэ оны үлдсэн хугацаанд бүх цаазын ялыг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.