
Мексикийн Халискогийн Шинэ Үеийн Картель хэмээх бүлгийн удирдагч, дэлхий даяар хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан хар тамхины наймаачдын нэг Немесио “Эль Менчо” Осегера Сервантес Мексикийн армийн ажиллагааны үеэр нас баржээ. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанд бодит үр дүн харуулахыг зорьж буй тус улсын хувьд чухал ялалтад тооцогдож байна.
Осегера нь хуучин цагдаагийн албан хаагч байсан бөгөөд Халискогийн Шинэ Үеийн Картелийг удирдан Мексик доторх “хамгийн хүчирхэг, хамгийн харгис гэмт бүлэглэлүүдийн нэг” болгосон гэж АНУ-ын Хар тамхитай тэмцэх газар тодорхойлжээ.
Баруун нутгийн Халиско мужийн Тапалпа хотод Мексикийн армийн хэд хэдэн холбооны нэгж хамтарсан ажиллагаа явуулсны дараа Мексикийн хэд хэдэн мужид эмх замбараагүй байдал үүссэн байна. Албаныхны мэдээлснээр зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн сэжигтэй гишүүд автобус, бизнесийн байгууллагуудыг шатааж, аюулгүйн хүчнийхэнтэй буудалцжээ.

АНУ-ын Төрийн департамент Мексикийн зарим бүсэд байгаа америк иргэдэд “дараагийн мэдэгдэл хүртэл байрлаж буй орон сууц, зочид буудалдаа хоргодож, гадагш гарахгүй байх”-ыг уриалжээ.
Мексикийн Батлан хамгаалах яам АНУ-ын эрх баригчид “нэмэлт мэдээлэл” өгч ажиллагааг дэмжсэн гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Батлан хамгаалах албаны нэгэн төлөөлөгч АНУ-ын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллагаанд “оролцсон” гэдгийг баталсан ч яг ямар үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй байгаа юм.
Энэ ажлын хэсэг гэдэг нь Картелийн эсрэг Хамтарсан Байгууллагуудын Ажлын Хэсэг бөгөөд байгуулагдсанаасаа хойш АНУ-ын Хойд Командлалтай хамтран АНУ–Мексикийн хил орчмын картелийн үйл ажиллагаатай тэмцэж иржээ. Гэхдээ “энэ бол Мексикийн армийн ажиллагаа, амжилт нь тэднийх” гэж АНУ-ын албан тушаалтан онцлон хэлсэн байна.
Дайралтын үеэр Халискогийн Шинэ Үеийн Картелийн гишүүд засгийн газрын хүчнийхэнтэй буудалцаж, дөрвөн этгээд газар дээрээ амиа алдсан. Осегера болон өөр хоёр хүн хүнд шархадсан бөгөөд Мехико хот руу агаараар тээвэрлэж байхдаа нас барсан гэж Батлан хамгаалах яам мэдэгдсэн. Мексикийн гурван цэргийн албан хаагч шархдаж, Мехико хотод эмчлүүлж байгаа аж.
Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум тус ажиллагаанд оролцсон байгууллагуудын ажлыг сайшаасан. Тэрээр “ихэнх нутаг дэвсгэрт хэвийн байдал үргэлжилж байна” хэмээн мэдэгдэж, энх тайван, аюулгүй байдал, шударга ёсны төлөө өдөр бүр ажиллаж байгаагаа онцолсон байна.
Нислэгүүд цуцлагдаж, жуулчид гацав
Цэргийн ажиллагааны дараа Халиско муж даяар эмх замбараагүй байдал үүсэж, 2026 оны зургадугаар сард хөлбөмбөгийн ДАШТ-ий дөрвөн тоглолт зохион байгуулахаар төлөвлөгдсөн тус бүс нутагт нөхцөл байдал хурцдав. Үүнээс гадна Мичоакан, Гуанахуато мужуудад хүчирхийлэл тархжээ. Халиско мужийн захирагч Пабло Лемус Наварро зохион байгуулалттай гэмт бүлэглэлийнхэн автобус шатааж, зам хаан, аюулгүйн албатай мөргөлдсөн гэж мэдээлэв.
Үүний улмаас Delta Air Lines, Alaska Airlines, American Airlines, Air Canada зэрэг авиа компаниуд Пуэрто-Вальярта, Гвадалахара чиглэлийн нислэгээ цуцалж, зарим жуулчид түр хугацаанд нисэх буудлуудад гацжээ.
Хожим Мексикийн Холбооны Иргэний Нисэхийн Агентлаг Гвадалахара, Пуэрто-Вальярта, Тепик нисэх буудлууд хэвийн ажиллагаанд шилжсэн талаар мэдээлэв.
“Мексикийн хамгийн их эрэн сурвалжлагдсан хүн”
Осегера Халискогийн Шинэ Үеийн Картелийг Миленио Картелиас салан тусгаарлагдсаны дараа шатлан дэвшиж удирдагч болсон гэдэг. Түүний үед тус бүлэглэл Халиско болон ойролцоох бүс нутагт нөлөөгөө эрс тэлсэн аж.
2018 онд Мексикийн Ерөнхий Прокурорын газар түүнийг баривчлах мэдээлэлд 30 сая песо (ойролцоогоор 1.7 сая ам.доллар) амласан. АНУ мөн 15 сая ам.долларын шагнал зарласан.

АНУ-ын Хууль зүйн яам 2022 онд Осегераг АНУ руу фентанил үйлдвэрлэн, нийлүүлэх ажиллагааг удирдсан хэргээр яллагдагчаар татсан. 2025 онд АНУ-ын Төрийн департамент түүнийг “Дэлхийн Онцгой Аюултай Террорист” ангилалд оруулсан.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристфер Ландау түүний үхлийг “Мексик, АНУ, Латин Америк болон дэлхий дахинд чухал ахиц” гэж үнэлсэн ч Мексикт өрнөж буй эмх замбараагүй байдлыг “гунигтай, санаа зовмоор” хэмээн тодорхойлжээ.
Трампын дарамт
Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум өмнө нь картелийн толгойлогчдыг устгах стратеги нь бүлэглэлийг задлан хувааж, шинэ хүчирхийллийн мөчлөг үүсгэх эрсдэлтэй гэж болгоомжилж байсан. Гэвч аюулгүй байдал түүний засаглалын эмзэг асуудал хэвээр байна.
Доналд Трамп Мексик хар тамхины урсгалыг хязгаарлахад бодит ахиц гаргахгүй бол цэргийн оролцоо болон импортын татварыг нэмэгдүүлэхээр заналхийлж ирсэн билээ. Трамп Венесуэлийн огцорсон удирдагч Николас Мадурог баривчилсны дараа Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийн эсрэг цэргийн ажиллагаагаа өргөжүүлж магадгүй гэдгээ дурдсан.

Шейнбаум АНУ-ын цэргийн цохилтыг Мексикийн бүрэн эрхт байдал, газар нутгийн халдашгүй дархан байдалд халдсан хэрэг гэж үзэн няцаасан. Харин тэрээр АНУ-ын аюулгүй байдлын түншүүдтэй хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх шууд арга замыг сонгож байгаа аж.