
Ирландын нэрт жүжгийн зохиолч, абсурд урсгалын гол төлөөлөгчдийн нэг Самюэл Бэккэт энэ өдөр төржээ.
Түүний бүтээлүүд өгүүлэмжийн уламжлалт логикт бус харин оршихуйн хоосрол, цаг хугацааны хувирал, хүний дотоод дуу хоолойг урвуу хэлбэрээр егөөдөхөд анхаарал хандуулдаг. Бүтээлүүдэд нь “Юу болов?” хэмээхээс илүүтэй “Юу ч болоогүй хэвээр хэрхэн амьдрал үргэлжилж байна вэ?” гэх асуултыг онцгойлон авч үздэг. Бэккэтийн хамгийн алдартай бүтээл нь “Годог хүлээхүй” бөгөөд 1969 онд тус жүжгийн зохиолоороо Нобелийн шагнал хүртжээ.
“Абсурд” гэж яг юу болохыг мэдэх хүн цөөхөн. Уг чанартаа абсурдизм нь оршихуйн тунхаглал экзистенциалистаас үүдэлтэй. Бэккэт Францын сэхээтэн ангийг байлдан дагуулж, нийгэм, улс төрд хүртэл хүчтэй нөлөөлж байсан тус философид гүн гүнзгий орсон нэгэн байлаа. Гэхдээ утга учиргүйн үзлийг бий болгогчид амьдрал бодитоор хандагчдаас илүү хийсвэрлэх сэтгэлгээний хүчинд эд юмсын жинхэнэ мөн чанарыг нээж байсан гэхэд хилсдэхгүй. Абсурд жүжиг гэх үгс нь латин хэлний тохиромжгүй, утга учиргүй, үймээн самууны гэх олон давхар утгыг агуулдаг.
WAITING FOR GODOT
Ихэнх уншигчид 1950-иад онд Парисын абсурд театрын ноён оргил болсон Самюэл Бэккэтийн “Годог хүлээх зуур” жүжгийг мэднэ. Зохиолч хүн утга учиргүй юмсыг ч илэрхийлэх үүрэгтэй байдаг тухай Бэккэт өгүүлсэн байдаг. Энэ ч мөн оновчтой утга агуулсан зүйрлэл биш шиг санагдана. Тэр ер нь жүжгээрээ юуг илэрхийлэх гэсэн юм бол оо?
Жүжигт дөрвөн дүр л бий. Владимир, Эстрагон хоёрын хүлээлт цаг хугацааны энгийн урсгалаас тасарч, давтагдсан мөчлөг болон хувирна. Тэдний яриа утгагүй мэт боловч яг тэр утгагүйд амьдралын үнэ цэн, утга учир нуугдаж байдаг. Годо ирэхгүй нь гол асуудал бус харин ирэхгүйг мэдсээр байж хүлээх нь хүний оршихуйн зөрчил болдог. Бэккэт ингэж хүний найдвар өөрөө утгагүй ч зайлшгүй зүйл болохыг илчлэн харуулна. Жүжгийн тайз бараг хоосон, үйл явдал үгүй ч энэ хоосон зайд л хүний дотоод ухамсар сэргэдэг. Давтагдах үйлдэл, мартагдах ой санамж, хүлээлтийн сунжрал нь цаг хугацааг “амьдралын дайсан” мэт болгоно. Үзэгчид эхлэл, төгсгөл хоёрыг ялгах аргагүй болж, зөвхөн үргэлжлэл дунд оршиж эхэлдэг. Ингэснээр Бэккэт амьдралыг зорилготой зам бус харин төгсгөлгүй хүлээлт болгож үзүүлжээ.
MOLLOY
Моллойгийн аялал ил утгаараа ээжийгээ хайх үйл хэрэг боловч далд санаа нь өөрийгөө олох эрлийн тухай юм. Түүний хөдөлгөөн замбараагүй, бодол нь сарнисан, хэл нь ч бүрэн тогтвортой бус. Романы хоёр хэсэг хоорондоо холбоотой мэт атлаа дундаа алс хол зайд тасарсан мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ нь хүний ухамсар тасралтгүй бус харин хуваагдмал шинжтэйг илтгэнэ.
Моллой өөрийн бие махбодыг ч удирдаж чадахгүй болж, оршихуйн хамгийн энгийн үйлдлүүд хүртэл бэрхшээлтэй болдог. Энэ нь хүний “би” гэх ойлголт ч баттай биш гэдгийг сануулна. Хэл найруулга улам нурж, өгүүлбэрүүд ч төгс бус болж эхэлдэг. Ингэснээр Бэккэт хүний оршихуйг зөвхөн сэтгэлгээний урсгал болгон задлан харуулжээ.
MALONE DIES
Малоун үхлээ хүлээн хэвтэхдээ түүх зохиохыг оролддог нь амьдралд утга өгөх сүүлчийн оролдлого. Гэвч түүний зохиосон түүхүүд өөрөө үгүй болж, үргэлжлэлгүй, төгсгөлгүйд хувирна. Үхэл ойртож байгаа мэт боловч хэзээ ч ирэхгүй мэт сунжирна. Энэ нь үхлийг хүртэл тодорхой бус болгож, амьдралтай нь адилтгана.
Түүний бодол заримдаа маш тод, заримдаа бүрэн сарнисан байдаг нь ухамсрын задралын илрэл. Өөрийгөө хянах чадвар нь алдагдаж, зөвхөн дотоод дуу хоолой л үлддэг шүү дээ. Уншигч түүний бодлын хэмнэлийг дагах тусам цаг хугацааны мэдрэмжээ алдаж байх шиг болно. Ингэснээр Бэккэт амьдрал, үхэл хоёрыг ялгахын аргагүй нэгэн голдиролоор урсах устай зүйрлэн үзүүлсэн юм.
THE UNNAMABLE
Энэ бүтээлд нэргүй нэгэн дуу хоолой өөрийгөө тодорхойлох гэж оролдсоор байдаг. Гэвч нэрлэх гэсэн оролдлого бүр нь сүйрэл дагуулж, мөнөөх дуу хоолой өөртөө итгэл алдарна. “Би” гэх ойлголт тогтворгүй, баригдашгүй, ухамсарт орших боломжгүй шиг сэтгэгдэл төрүүлнэ. Ингэснээр оршихуй өөрөө аливаа хэлнээс ангид зүйл болж хувирна.
Өгүүлбэрүүд тасралтгүй үргэлжилж, амьсгаа авах завгүй урсах нь ухамсрын дарамтыг мэдрүүлдэг. Уншигчид барьц алдаж, юуны тухай уншиж байгаагаа ч тодорхой хэлж чадахгүйд хүрнэ. Гэвч яг энэ төөрөгдөл нь бүтээлийн гол утга билээ.
ENDGAME
Уг жүжигт ертөнц аль хэдийнэ төгссөн мэт боловч дүрүүд амьд хэвээр үлдсэн байдаг. Тэд хөдөлж чадахгүй, гарах боломжгүй, зөвхөн ярьж, ахуйгаа давтаж оршино. “Төгсгөл” гэх ойлголт бодит бусаас гадна үргэлжилж буй нэгэн хэвийн хар цагана зураглал адил хөвөрнө.
Дүрүүдийн хоорондын харилцаа хүйтэн, заримдаа ёжтой, заримдаа өрөвдөлтэй. Хоосон орон зай, хязгаарлагдмал хөдөлгөөн нь дотоод дарамтыг улам тодруулна. Үзэгчид ямар нэгэн зүйл өөрчлөгдөхийг хүлээх боловч юу ч өөрчлөгддөггүй. Энэ нь хүний амьдралын утга учрыг эргэлзээтэй болгодог Бэккэтийн гол санааг дахин баталсан зохиолын гол санаа юм.