
Филиппин улс Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай шүрэн арлын орчимд үйл ажиллагаа явуулж байсан Хятадын завь дээрээс цианид илрүүлсэн талаар мэдэгдлээ.
Филиппин улсын аюулгүй байдлын албаныхны хэлснээр, лабораторийн шинжилгээгээр өнгөрсөн жил Second Thomas Shoal дээр явуулсан ажиллагааны үеэр Филиппиний тэнгисийн цэрэг хураан авсан савнуудад маш хортой бодис болох цианид байсныг баталсан байна. Second Thomas Shoal (Филиппин нэршлээр Аюнгин Шоал, Хятадын нэршлээр Рэньай риф) нь Өмнөд Хятадын тэнгис дэх шүрэн хад – арал бүтэцтэй, маргаантай газар юм.
Албаныхан уг бодис нь далайн амьдралд ноцтой хор хөнөөл учруулах, мөн Манилагийн нутаг дэвсгэрийн нэхэмжлэлийг бататгах зорилгоор тус шүрэн арал дээр зориуд суурьшуулсан байлдааны хөлөг онгоцыг дэмжиж буй хадны бүтцийг сулруулж болзошгүйг анхааруулжээ.
“Аюнгин Шоалд цианид ашиглах нь орон нутгийн загасны нөөцийг устгах, улмаар тэнгисийн цэргийн алба хаагчдыг чухал хүнсний эх үүсвэрээс нь салгах зорилготой хорлон сүйтгэх үйлдэл гэдгийг бид онцлон тэмдэглэхийг хүсэж байна” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Корнелио Валенсиа хэвлэлийн бага хурал дээр Филиппиний нэршлээр шүрэн арлын нэрийг дурдаж мэдэгджээ.
Тэрээр нэмж хэлэхдээ, цианид нь хадны бүтцийг гэмтээж, улмаар уг байлдааны хөлөг онгоцны тогтвортой байдалд “эцсийн дүндээ сөргөөр нөлөөлж болзошгүй” гэв.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам Филиппиний мэдэгдлийг няцааж, “жүжиг” хэмээн нэрлэсэн байна. “Филиппиний тал хэвийн загасчлал явуулж байсан Хятадын завьнуудыг хууль бусаар дарамталж, загасчдын амьжиргааны хэрэгслийг нь булаан авч, энэ “цианидын жүжиг”-ийг зохион байгуулсан. Тэдний ярианд ямар ч үнэн бодит зүйл байхгүй” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Го Жякун хариу мэдэгджээ.
Энэхүү шүрэн арал нь Филиппиний 200 далайн милийн онцгой эдийн засгийн бүсэд багтдаг бөгөөд Хятадын эх газраас ойролцоогоор 1300 км зайд оршдог. Хятад уг газрыг Рэньай риф гэж нэрлэдэг.
Second Thomas Shoal (Филиппин нэршлээр Аюнгин Шоал, Хятадын нэршлээр Рэньай риф) нь Өмнөд Хятадын тэнгис дэх шүрэн хад – арал бүтэцтэй, маргаантай газарФилиппин улс өмнө нь Хятадыг уг байршилд байрласан цэргүүддээ хангамж хүргэх ажиллагаанд саад учруулсан гэж буруутгаж байсан бөгөөд 2024 оны 6-р сарын 17-нд болсон нэгэн мөргөлдөөн ширүүсч, Филиппиний нэг усан цэрэг хуруугаа алдсан байна. Харин Хятад тал иймэрхүү үйлдэл гаргасан гэх буруутгалыг үгүйсгэж, харин ч Филиппинийг өөрийн усанд хууль бусаар нэвтэрсэн гэж мэдэгддэг.
Уг 6-р сарын мөргөлдөөний дараа талууд хөлөг онгоцонд хангамж хүргэх асуудлаар түр ойлголцолд хүрсэн байна.
Хятад болон Филиппин өнгөрсөн сард Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар өндөр түвшний хэлэлцээ хийж, газрын тос, байгалийн хий дээр хамтран ажиллах боломж болон далайн аюулгүй байдлыг хангах итгэлцлийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд, тухайлбал эргийн хамгаалалтын байгууллагуудын хооронд харилцаа холбоог сайжруулах асуудлыг хэлэлцжээ.
Филиппиний Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ, эргийн хамгаалалтын хамтын ажиллагааны хүрээ хязгаарлагдмал байх бөгөөд “эмзэг ажиллагааны бүсүүдэд хамтын ажиллагаа явуулахгүй” гэж онцолсон бөгөөд хамтарсан эргүүл хийх асуудлыг огт хэлэлцээгүй гэж мэдэгджээ.
Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн бараг бүх хэсгийг өөрийнх гэж үздэг бөгөөд энэ бүс нутагт Бруней, Малайз, Филиппин, Тайвань болон Вьетнам зэрэг улс мөн нэхэмжлэл гаргадаг.
2016 онд гарсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэрээр Бээжингийн нэхэмжлэлийг олон улсын эрх зүйн үндэслэлгүй гэж тогтоосон ч Хятад уг шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй. Жил бүр 3 их наяд ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн энэ усан замаар тээвэрлэгддэг байна.