
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський дайныг зогсоох шинэ оролдлогын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай нүүр тулан уулзахыг уриаллаа.
Оросын төрийн тэргүүнд хаягласан нээлттэй захидалдаа Зеленський Европ дахь дайн дахин АНУ-ын анхаарлын төвд орохыг зүгээр хүлээх нь “буруу” гэж мэдэгдээд, энх тайван нь зөвхөн Украин болон Оросын хоорондын “шууд хэлэлцээ”-гээр бий болно гэдгийг онцолжээ.
Мөн тэрээр хэлэлцээний хугацаанд бүрэн хэмжээний гал зогсоох дэглэм тогтоохыг санал болгосон байна. Харин Путин пүрэв гарагт ийм санаачилгыг няцаасан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр удирдагч уулзвал “маш сайн хэрэг болно” гэж мөн өдөр мэдэгджээ.
Кремль захидлыг хүлээн авснаа баталж, Путинд агуулгыг нь танилцуулах болно гэж мэдээлсэн байна.
Захидлын өнгө аяс нь хатуу, зарим талаар ёжилсон шинжтэй, Украины Оросын нутаг дэвсгэрт хийсэн сүүлийн цохилтуудыг онцолсон байжээ.
Зеленський “Эрх мэдэлд 26 жил байсны дараа нас нь Путинд нөлөөлж эхэлж байна” гээд “Украин энэ дайныг бид хоёрын, миний болон таны шууд хэлэлцээгээр дуусгахыг санал болгож байна. Би уулзалт хийх санал дэвшүүлж байна” гэж бичжээ.
Энэ нь Украины удирдагчийн анхны ийм санал биш юм. Өмнөх тохиолдлуудын адил Кремль Зеленськийг Москвад ирж Путинтэй уулзаж болно гэж хариулсан аж.
Энэ удаагийн захидлын онцлох зүйл нь Киев АНУ одоогоор “Ираны асуудалд бүрэн төвлөрч байгаа”-г олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн явдал байлаа.
Зеленський “Европ дахь дайн дахин АНУ-ын анхаарлын төвд орох хүртэл хүлээх нь буруу” гэж бичжээ.
Санкт-Петербург хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Путин захидлын агуулгатай хараахан танилцаагүй бололтой байсан ч Украинтай тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Путин “Би Украинтай тохиролцоонд хүрэхэд мэдээж бэлэн, тийм хүсэлтэй ч байна” гэж хэлсэн ч аль аль тал буулт хийх шаардлагатайг нэмж дурдсан байна.
Мөн Путин АНУ Ираны асуудалд анхаарч байгаа энэ үед Европын Холбоо Зеленськийг газар нутгийн буулт хийхийг ятгаж чадна гэсэн санааг илэрхийлжээ.
Путиний олон жилийн турш баримталж ирсэн байр суурь нь Украин Оросын хэсэгчлэн эзэлсэн дөрвөн бүс нутаг болох Донецк, Луханск, Херсон, Запорижьягаас цэргээ гаргаж, мөн НАТО-д элсэх оролдлогоосоо татгалзах ёстой гэсэн шаардлага юм.
Харин Украин газар нутгаа өгөхөөс эрс татгалзаж, ийм алхам нь Оросыг ирээдүйд дахин довтлоход зоригжуулна гэж үздэг.
Сүүлийн саруудад гал зогсоох хэлэлцээ урагшилсангүй.
Өмнө нь Женев, Абу Даби, Истанбул хотуудад болсон энхийн яриа хэлэлцээнүүд ч амжилтгүй болсон.
1800 гаруй үгтэй захидалдаа Зеленський “Таны дайн манай улсад авчирсан бүхний дараа би украинчуудынхаа төлөө санаа зовж байна. Бид хүмүүсээ алдаж, алдагдал бүр бидэнд өвдөлт авчирч байна” гэжээ.
Тэрээр мөн оросууд Украины дрон, пуужингийн цохилт, шатахууны хомсдол, үнийн өсөлт болон дайнаас залхаж эхэлсэн талаар ч дурдав.
Зеленський “Энэ дайнаас гарах замыг сонгохоос бүү ай. Одоо танаас шаардагдаж буй хамгийн чухал зүйл бол энэ” хэмээн Путинд хандан уриалжээ.
Зеленськийн санал болгосноор нүүр тулсан хэлэлцээ Швейцар, Турк зэрэг улсад зохион байгуулагдаж болох аж.
Украины Гадаад хэргийн сайд Андрий Сибыха уг захидлыг “Дайныг дуусгах ноцтой, гэхдээ утга учиртай санал” гэж тодорхойлоод, “Энэ саналд утга учиртай хариу ирнэ гэж бид найдаж байна. Энэ дайныг дуусгах цаг болсон. Энх тайвныг сонгох цаг болсон” гэж мэдэгдэв.
Трампын байр суурь
Трамп АНУ хоёр орныг энхийн хэлэлцээнд ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. “Тэд уулзвал маш сайн хэрэг болно гэж бодож байна. Уулзах ёстой. Үүнийг дуусга” гэж хэлжээ.
Хоёр тал ямар буулт хийх талаар асуухад Трамп “Би энэ талаар хэлэхгүй байсан нь дээр. Аль аль тал тодорхой буулт хийх хэрэгтэй. Тэгнэ ч гэж бодож байна” гэж хариулав.