
Ажиллах хүчний судалгааны 2026 оны гуравдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 62.3 хувь нь ажиллах хүч, 37.7 хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.
Ажиллах хүчний оролцооны түвшин 62.3 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.3 нэгж хувиар буурчээ. Тодруулбал, нийт 1.5 сая ажиллах хүчний 94.8 хувийг ажиллагч, 5.2 хувийг ажилгүй иргэн бүрдүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2026 оны гуравдугаар улирлын байдлаар 59.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.1 нэгж хувиар буурсан байна. Харин ажиллах хүчнээс гадуурх 886.2 мянган хүний 4.1 хувь нь боломжит ажиллах хүч буюу ажил хийх хүсэлтэй ч тодорхой шалтгаанаар ажил хайгаагүй эсвэл шууд ажил хийх боломжгүй хүн ам байна.
Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүдээс харахад, 2026 оны гуравдугаар улиралд ажилгүй иргэн өмнөх оны мөн үеэс 4.4 мянган хүнээр, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 374 хүнээр тус тус буурсан бол боломжит ажиллах хүч 9.6 мянган хүнээр өссөн байна. Дээрх үзүүлэлтүүдийн бууралттай холбоотойгоор ажилгүйдлийн түвшин, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин буурсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ бүрэн хангагдаагүй байдлыг илэрхийлэх хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 7.6 хувь болж өмнөх оны мөн үеэс 0.3 нэгж хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.