
Украины Агаарын цэргийн хүчин ням гарагт олон нийтэд зориулсан агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх аппликейшнд хакерын халдлага гарсан гэж мэдэгдэв.
Халдлагын улмаас уг аппликейшнээр дамжуулан Киев болон бусад бүс нутагт цөмийн болон химийн зэвсгийн аюул нүүрлэсэн, гудамжинд зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэлтэй гэсэн анхааруулга иржээ. Мөн ОХУ-ын “Орешник” хэт авианы пуужинг байршуулсан гэх ташаа мэдээлэл түгээсэн байна.
“Агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх аппликейшн дайсны нөлөөнд автсан бололтой. Цацрагийн аюул байхгүй! Тайван байж, манай сувгаар хүргэх мэдээллийг дагана уу” гэж Украины Агаарын цэргийн хүчин Telegram сувагтаа мэдэгджээ. Удалгүй хэвийн бус мэдээллүүд арилсан байна.
Украины Дижитал өөрчлөлтийн яам уг аппликейшн түр хугацаанд ажиллахгүй байгаа ч олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх бусад арга хэрэгсэл, түүний дотор агаарын довтолгооны дохиолол хэвийн ажиллаж байгааг мэдээлжээ.
Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Онцгой байдлын яамны гар утасны аппликейшн их хэмжээний кибер халдлагад өртөж, улмаар олон нийтэд худал мэдээлэл түгээсэн талаар тус яам даваа гарагийн өглөө мэдэгдсэнийг төрийн мэдлийн ТАСС агентлаг уламжилсан байна.
Эдгээр хоёр кибер халдлага хоорондоо холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.