
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн. Өчигдрийн нэгдсэн хуралдаанд хуулийн төслийн талаар асуулт асуух үеэр гишүүд, хууль санаачлагчдын хооронд багагүй маргаан дэгдсэн. УИХ-ын гишүүд парламентын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан төслийг дэмжих боломжгүй гэдгийг хэлж байлаа. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох тухай хууль санаачлах эрхтэй, эсэх, энэ нь Улсын Их Хурал болон гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа, эсэх, хэлэлцэж буй төсөл Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, холбогдох зүйл, заалтад нийцэж байгаа эсэх болон иргэд, сонгогчдын эрхэд халдаж, хязгаарлаж байгаа, эсэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Түүнчлэн, хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийг тойргоос сонгогдсон, намын жагсаалтаар сонгогдсоноор ялгаварлаж, Үндсэн хуулийн цэц болон улс төрийн намд шууд бусаар онцгой эрх олгох байдлаар засаглалын эрх мэдлийн хяналт, тэнцвэрийг алдагдуулах эрсдэл агуулж байгааг анхааруулж байв.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах болоход чуулганы танхим дахь ирц хүрээгүй тул баасан гаргийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан юм.