
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр долоо хоног орчим үргэлжилсэн агаарын цохилтоо түр зогсоох шийдвэр гаргасны дараа Ойрх Дорнодын нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна. Вашингтоны талаас цэргийн ажиллагааг зогсоосонтой холбогдуулан Техран мөн хариу довтолгоогоо цуцалсан ч дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал суваг болох Ормузын хоолойг хянасан хэвээр байгаа аж. Мөн Ираны талаас АНУ-тай энхийн хэлэлцээ хийх ямар ч хүсэлт гаргаагүй хэмээн мэдэгдэв.
Вашингтон агаарын цохилтоо зогсоосон нь стратегийн хязгаарлалттай холбоотой байж болзошгүйг албаны эх сурвалжууд онцолж байна. АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга, генерал Дэн Кэйний мэдээлснээр бүс нутаг дахь цэргийн баазуудыг довтолгооноос хамгаалах зэвсэглэлийн нөөц багасаж, Ираны хяналтыг сулруулах чиглэлд хийсэн агаарын цохилтууд боломжит хязгаартаа хүрсэн гэж шинжээчид үзжээ. Нийт 13 өдөр үргэлжилсэн АНУ-ын дайралтын хариуд Иран бүс нутаг дахь Америкийн баазууд руу цохилт өгсөн. НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Майк Уолтц уг алхмыг дипломат хэлэлцээ хийх боломж олгох зорилготой хэмээн тайлбарлаж одоогоор талууд зуучлагчдаар дамжуулан мэдээлэл солилцож байгаа гэв.
Тэгвэл Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи Техран АНУ-аас яриа хэлэлцээ сэргээхийг гуйгаагүй, ийм зүйл тэдний мах цусанд байхгүй хэмээн хатуу мэдэгдэв. Түүнчлэн Иран улс Ормузын хоолойд бүрэн хяналтаа тогтоож буйгаа харуулах зорилгоор зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан зургаан хөлөг онгоцыг буцааснаас нэг нь осолдсон тухай мэдээллээ.
Таван сар гаруй үргэлжилж буй энэхүү цэргийн болон дипломат сөргөлдөөний хүрээнд АНУ агаарын цохилтоо зогсоосон нь дэлхийн зах зээлд эерэг дохио болж, газрын тосны нийлүүлэлт сэргэнэ гэсэн хүлээлт үүсгэсэн. Үүний үр дүнд өнгөрсөн долоо хоногт 100 ам.доллар даваад байсан Брент хольц бүхий газрын тосны үнэ 8 хувиар буурч, баррель нь 89 ам.долларт хүрээд байна.