
Холливудын нэрт жүжигчин Том Круз болон Оскарын шагналт найруулагч Алехандро Гонсалес Иньярритугийн хамтарсан “Digger” уран сайхны кино Хойд Америкт албан ёсны нээлтээ хийсэн билээ.
Тус бүтээлийн дэлхийн нээлт өнгөрсөн есдүгээр сарын 22-нд Лондонд болж, Том Круз, найруулагч Иньярриту болон Риз Ахмед, Жон Гудман, Сандра Хюллер, Жесси Племонс нар оролцсон байна.
“Digger” нь “Birdman”, “The Revenant” зэрэг бүтээлээрээ танил болсон Иньярритугийн ээлжит бүтээл агаад Том Круз энэ удаад өөрийгөө дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг гэж үздэг газрын тосны магнатын дүрийг бүтээжээ. Үйл явдал нь өөрийн бий болгосон экологийн сүйрлийн өмнө хүн төрөлхтний аврагч гэдгээ батлах гэж оролдож буй нэгэн өдрийн хачирхалтай тэмцлийн эргэн тойронд өрнөнө.
Кино нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сүйрэл, эрх мэдэл болон асар их хөрөнгөтэй хүмүүсийн өөрсдийнхөө дүр төрхийг хамгаалах гэсэн хүслийг бараан егөөдлөөр хөндсөн байна. Дэлхийн нээлтийн дараах эхний амралтын өдрийн орлого хүлээлтээс доогуур гарч, Хойд Америкт 8 сая, олон улсын зах зээлд 12 сая ам.доллар буюу нийт 20 сая ам.долларын орлого олжээ. Шүүмжлэгчдийн үнэлгээ ч харилцан адилгүй байгаа боловч Крузын хэтрүүлэгтэй, этгээд дүрийг харьцангуй өндрөөр үнэлсэн тоймууд цөөнгүй байна.