
Азийн хөрөнгийн зах зээл гурав дахь өдрөө дараалан унасан бол газрын тосны үнэ тогтвортой хадгалагдав. Хөрөнгө оруулагчид АНУ–Израилийн Ирантай хийж буй дайны явцыг анхааралтай ажиглаж байна.
Тогтворгүй, савлагаатай арилжааны үеэр Өмнөд Солонгосын Коспи индекс мягмар гараг(2026.03.03)-т 7 хувиар унасан бол өнөөдөр өглөөний арилжаагаар дахин 3.7 хувиар буурчээ. Мөн Японы Никкей 225 индекс ойролцоогоор 2.3 хувиар, Австралийн ASX 200 индекс 1.5 хувиар тус тус буурсан байна.
Брэнт төрлийн түүхий нефть болон АНУ-д арилжаалагддаг нефтийн үнэ сүүлийн хоёр өдөр огцом өсжээ.
Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн санхүүгийн зах зээлийг донсолгож, дэлхийн эрчим хүчний үнэ энэ долоо хоногт огцом өсөв. Учир нь чухал ач холбогдолтой Хормузын хоолойн ойролцоо хөлөг онгоцууд халдлагад өртсөн юм.
Дэлхийн газрын тос, байгалийн хийн ойролцоогоор тавны нэг нь Иран болон Арабын Нэгдсэн Эмират улсын хооронд орших энэ нарийн усан замаар дамжин өнгөрдөг. Гэвч Иран хөлөг онгоцуудыг “галдан шатаана” хэмээн заналхийлсний дараа уг замаар дамжих тээвэр бараг бүрэн зогссон байна.
Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Трамп АНУ-ын Тэнгисийн цэрэг бүс нутгийн хөлөг онгоцуудыг “шаардлагатай бол” хамгаална гэж мэдэгдэж, дайнаас үүдэлтэй эрчим хүчний нийлүүлэлтийн хомсдолыг зогсоохыг зорьж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр мөн “эрчим хүч дэлхий даяар чөлөөтэй урсах” явцыг хангахын тулд бүс нутгийн бүх тээврийн компанид “маш боломжийн үнээр” эрсдэлийн даатгал олгоно гэж хэлсэн байна.