
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг “Райд Монголиа” ХХК барьж байна.
Улаанбаатар хотоос 311 км-ийн зайд барьж буй эл станц тус бүр 35 МВт турбингенератортай хоёр блок зуухтай байх бөгөөд төслийн хөрөнгө оруулалтын дүн 148 сая ам.доллар юм. Жилд 489.2 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэн, 440.2 сая кВт.ц цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцож байна. Барилга угсралтын ажлыг 2024 оны тавдугаар сарын 1-нд эхлүүлсэн бөгөөд өдгөө 85 хувийн гүйцэтгэлтэй, бараа материалын татан авалт 95 хувьд хүрчээ.
Монгол Улсад анх удаа карбон яндан ашиглах уг станцын 35 МВт-ын хүчин чадалтай эхний блокийн туршилт тохируулгыг ирэх долоодугаар сард багтаан хийж, наймдугаар сард эрчим хүчний системд холбохоор төлөвлөж байна. Мөн хоёр дахь блокийг есдүгээр сарын 15-ны дотор системд холбох юм.
Сэлэнгэ аймгийн хэрэглээг хангах энэхүү ДЦС-ын барилга угсралтыг Камбож улсын МITIME групп түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэж буй бөгөөд өдгөө талбайд 460 орчим монгол, камбож, хятад, вьетнамчууд ажиллаж байна. Завхан аймгийн Тосонцэнгэлд 22 МВт-ын хүчин чадалтай ДЦС барьж ашиглалтад оруулсан туршлагатай мэргэжилтнүүд энэхүү төсөлд оролцож байгаа аж.