
Тайландын нийслэл Бангкок хотод олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас айл өрх, замууд үерт автлаа.
Бангкокийн захиргааны мэдээлснээр, нийслэл даяар гамшгийн нөхцөл байдал зарласантай холбоотойгоор 4900 орчим хүнийг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлжээ. Үерт нийт 52 000 орчим өрх өртжээ.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр, пүрэв гаргаас ням гараг хүртэл хотын зарим хэсэгт 330 миллиметр буюу 13 инчээс их хэмжээний бороо орсон байна.
Тайланд улс бороотой цаг агаарт хэдийнэ дассан төдийгүй есдүгээр сар нь борооны улирлын оргил үе юм. Гэсэн ч Бангкокийн энэ жилийн нөхцөл байдал илүү хүнд байгаа аж.
Дэлхий чулуужсан түлшний ялгарлаас үүдэлтэй дулаарлаа үргэлжлүүлсээр байгаа тул цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэнэ гэж эрдэмтэд анхааруулдаг.
Бангкокийн захирагч Чадчарт Ситтипунт хэд хэдэн зам усанд автсан хэвээр байгааг хэлээд, хотын оршин суугчдыг шаардлагагүй зорчихоос зайлсхийхийг Facebook Live бичлэгээрээ анхааруулжээ.
Чадчарт бямба гарагийн орой Кеха Ромклао дүүргийн нэгэн сургуулийн түр хоргодох байранд очихдоо ойролцоогоор 1000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар дурдсан байна.
Зарим хүмүүс нохойтойгоо хамт коридорт ор, сандал дээр амарч байсан бол бусад нь ширээ, сандлыг хажуу тийш нь зайлуулсан ангиудын шалан дээр хөнжил нөмрөн хэвтэж байжээ.
Амралтын өдрүүдээр оршин суугчид хэрэгцээт зүйлсээ яаран худалдаж авснаас зарим дэлгүүрийн лангуунууд хоосорчээ.
Ерөнхий сайдын ажлын алба иргэдийг сандран их хэмжээгээр худалдан авалт хийхгүй байхыг уриалж, бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нь эрүүгийн гэмт хэрэг болохыг анхааруулжээ.