
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газраас өнөөдөр Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ нь одоо үйлчилж байгаа Төрийн болон албаны нууцын хуулийн шинэчилсэн найруулга гэсэн үг. Гол концевцийн өөрчлөлт бол албаны нууц хэмээх нэрийдлээр төрийн байгууллага албан тушаалтнууд дур зоргоороо шаардлагагүй мэдээллийг нууцалж болдог байсан эрх зүйн зохицуулалтыг хуулиар хасахаар оруулж ирж байна. Өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт бүртгэлтэй байгаагаар 894 гаруй албаны нууц байна. Энэ албаны нууц цаашид ил болно гэсэн үг.
Хуулийн төслөө ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр төрийн нууцын жагсаалтыг Засгийн газар баталж байгаа. Цаашид УИХ буюу ард түмнээс сонгогдож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагад төрийн нууцыг батлах эрхтэй болно.
Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлоготой холбоогүй мэдээллийг нууцад авсан зөрчил олон гарсан. Үүнийг Тагнуулын ерөнхий газар холбогдох байгууллагууд хамтран нэг бүрчлэн нягтлан шалгаж төрийн нууцын жагсаалтыг боловсруулсан гэж ойлгож болно. Цаашид албаны нууц байхгүй болно. Олон улсын жишигт ч гэсэн албаны нууц гэх ойлголт байхгүй" гэв.