
Сургуулиудад анх түгээмэл болсон утасны хориг одоо бүх салбарын ажлын байруудад тархаж байна.
АНУ-ын компаниуд ажилчдынхаа ухаалаг гар утаснуудыг түгжих эсвэл ажлын байранд хатуу хориг хэрэгжүүлэх нь нэмэгджээ.
Бүх салбарын томоохон компаниуд ажилчдын анхаарал сарних явдлыг бууруулахын зэрэгцээ нууц, эмзэг мэдээллийг хамгаалахын тулд ухаалаг утасны асуудалтай тэмцэж байна. Өнгөрсөн жил JPMorgan Chase-ийн гүйцэтгэх захирал Жэйми Даймон уулзалтын үеэр утас ашиглахыг “хүндэтгэлгүй үйлдэл” гэж нэрлэсэн бол Id.me зэрэг бусад компаниуд үүнээс ч илүүг хийх болжээ.
Дижитал баталгаажуулалтын компани Id.me гурван жилийн өмнөөс эхлэн ойролцоогоор 290 дэмжлэгийн ажилтанд утас хадгалах уут (phone pouch) нэвтрүүлсэн гэж The Financial Times мэдээлсэн. Эдгээр жижиг битүү уут нь төхөөрөмжийг дотор нь түгждэг бөгөөд зөвхөн соронзон тайлагч төхөөрөмж дээр нээх боломжтой бөгөөд концерт, инээдмийн шоуны үеэр ашигладаг Yondr хэмээх ууттай төстэй. Уламжлалт шүүгээнээс ялгаатай нь Id.me-ийн ажилчид ээлжийнхээ турш уутаа биедээ авч явдаг тул яаралтай дуудлага, мэдэгдэл эсвэл онцгой байдлын дохиог сонсох боломжтой гэж ажилтан Камила Муйрури ярьжээ. Утсаа мөн төлөвлөсөн завсарлагааны үеэр ашиглаж болдог гэнэ.
Муйрурийн хувьд энэ хориг нь хамт олонтойгоо илүү сайн харилцаа үүсгэхэд тусалж, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг нь сайжруулсан байна. “Энэ нь биднийг хоорондоо илүү холбож өгдөг” гэж Муйрури хэлжээ. “Би өмнө нь оффис дахь хүмүүстэй тийм ч танил биш байсан, гадуур байгаа найзуудаа илүү анхаардаг байсан. Харин одоо бид багийн хувьд маш дотно болсон... хамтдаа гадуур гарах нь ч их болсон” гэдгийг тэр онцолсон байна.
Гэвч Саутхэмптоны Их Сургуулийн дэд профессор Адриан Чади хэлэхдээ утасны хориг бүтээмжийг сайжруулдаг гэдгийг батлах нотолгоо тодорхой биш гэжээ. Түүний судалгаагаар энэ нь энгийн, давтагддаг ажлуудад анхаарал сарнихыг багасгаж тусалж болох ч бүтээлч байдал, асуудал шийдвэрлэх шаардлагатай нарийн ажлуудад нөлөө нь тодорхойгүй байна.
“Судлаачдад нэг байгууллагын орчинд хоригтой болон хориггүй нөхцөлд нөлөөг харьцуулах нь маш хэцүү” гэж Чади The Financial Times-т хэлжээ. “Мөн гар утас ашиглах нь ажлын хувьд тодорхой давуу талтай үед ажилтнууд хоригийг маш сөргөөр хүлээж авах магадлалтай, ялангуяа хүмүүс гар утсаа байнга ашиглахад аль хэдийн дассан байдаг” гэнэ.
Нөгөө талд, Лондонд байрлах Royal Court Theatre зохиолчдод зориулсан Writers’ Card хөтөлбөртөө утасны уут нэвтрүүлж, анхаарал сарниулах зүйлсийг бууруулж, бүтээлч төвлөрлийг нэмэгдүүлэх зорилгоор зохиолчдыг ажиллах, хэлэлцүүлэгт оролцох, сүлжээ үүсгэх үед утсаа билетийн кассанд түгжихийг шаарддаг болсон.
Тус театрын гүйцэтгэх захирал Уилл Янг “Гацах үед анхаарал сарниулах зүйл рүү гараа сунгах нь илүү амархан байдаг. Янг мөн утасны бодлогыг “маш олон зохиолчид хагас инээмсэглэн, хагас ичингүйрэн” хүлээн авсан. Энэ бол жижиг зүйл боловч ‘би ажиллах гэж энд байна’ гэсэн нэг төрлийн амлалт бий болгодог” гэж тэр хэлжээ.
Өнгөрсөн 11-р сард JPMorgan Chase-ийн гүйцэтгэх захирал Жэйми Даймон уулзалтуудад “ухаалаг утас хэрэглэхгүй” гэсэн хатуу дүрэм хэрэгжүүлснээр олны анхааралд орсон. Хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа тэр “Уулзалтын үеэр хүмүүс мэдэгдэл, хувийн мессеж унших эсвэл имэйл шалгаж байдаг. Үүнийг зогсоох хэрэгтэй. Энэ бол хүндэтгэлгүй үйлдэл, цаг ч үрдэг” гэж бичжээ. “Хэрэв миний өмнө iPad тавьчхаад имэйл уншиж эсвэл мэдэгдэл шалгаж байгаа мэт харагдвал би шууд хаахыг хэлдэг. Энэ бол хүндэтгэлгүй байдлын илрэл” гэж Даймон CNN-д мөн хэлсэн байна.
Yondr компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Грэм Дугоннийн хэлснээр тэдний үйлчлүүлэгчид шүүх, хүүхэд асрах төв, төрийн байгууллага, уул уурхайн салбар, улс төрийн байгууллага болон оюуны өмч хамгаалахыг зорьж буй бизнесүүд зэрэг өргөн хүрээг хамарч эхэлжээ. “Манай руу хандаж байгаа байгууллагууд ихэвчлэн аль хэдийн ‘итгэлцэлд суурилсан’ аргыг туршиж үзсэн байдаг. Эдгээр орчинд нийтлэг зүйл нь цаасан дээрх утасны бодлого нь утасгүй орчинтой адил биш гэдгийг ойлгосон явдал юм” хэмээн The Financial Times-т ярьжээ.