
Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг. Тиймээс жолооч бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасаж, явган зорчигч руу санаатайгаар тогтоол ус цацан цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр хохирол учруулахгүй байх шаардлагатайг албаныхан хэлж байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасанчлан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Зөрчил гаргасан машины улсын дугаарыг 102 дугаарт утсаар, камераар дүрсийг нь баримтжуулж, E-police аппликэйшнээр мэдээлнэ. Гомдол гаргах шаардлагатай бол ТЦА-ны 93021124, 93020111 дугаарт холбогдож зөрчлийг мэдээлэх боломжтой юм байна.