
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар "ногоон автобус"-ны гэх хэрэгт нэр бүхий өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд болон прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус үндэслэн хянан хэлэлцжээ.
Тодруулбал, Ж.Сүхбаатар нарын 24 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, тус зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн”, 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчид, тэдний өмгөөлөгчид, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлууд болон прокурорын эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэх үндэслэлд хамаарч буй тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв хэмээн Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.