
Өмнөд Солонгосын Бусан хотноо 31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадам нээлтээ хийв. Энэ жилийн наадамд 59 орны 247 кино албан ёсоор уригдсан бөгөөд Азийн кино урлагийн өнөө ба ирээдүйг харуулсан бүтээлүүдэд онцгой байр суурь олгожээ.
Наадмын нээлтийн киногоор Ким Жонг-кван найруулагчийн “The Table: Day and Night” бүтээл сонгогдож Бусанд дэлхийн нээлтээ хийв. Нээлтийн ёслолын үеэр Хонконгийн нэрт найруулагч, зохиолч, продюсер Анн Хуй “Camellia Award”, Өмнөд Солонгосын кино урлагийн зүтгэлтэн Ким Дон-хо “Korean Cinema Award”, Оскарын шагналт жүжигчин Мишель Йео “Asian Filmmaker of the Year” шагналыг тус тус хүртжээ. Мишель Йео 15 жилийн дараа Бусаны кино наадамд эргэн ирсэн нь энэ жилийн наадмын онцлох үйл явдлуудын нэг болов. Түүнийг Азийн кино урлагийг дэлхийн түвшинд таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн уг шагналыг олгосон байна.
Энэ жилийн наадам Бусаны хувьд зөвхөн кино үзүүлэх томоохон арга хэмжээ бус, Азийн кино бүтээлийг олон улсын зах зээлд гаргах чухал талбар болж байна. 2025 онд эхэлсэн үндсэн тэмцээн хоёр дахь жилдээ үргэлжилж, Азийн 14 кино өрсөлдөхөөс гадна шилдэг киноны “Busan Award” хүртсэн бүтээл Оскарын “Best International Feature Film” төрөлд нэр дэвших эрх авах боломжтой болсон нь наадмын олон улсын ач холбогдлыг нэмэгдүүлжээ.
Мөн энэ сарын 10–13-нд "Asian Contents & Film Market" зохион байгуулагдаж, кино төсөл, хөрөнгө оруулалт, хамтын үйлдвэрлэл, дистрибьюци болон шинэ технологид чиглэсэн 64 хөтөлбөр хэрэгжинэ. Түүнчлэн өнөөдөр буюу аравдугаар сарын 8-наас “Forum BIFF” эхэлж, орчин үеийн кино урлагийн шинэ боломж, өөрчлөгдөж буй үйлдвэрлэл, технологийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.