
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт БНХАУ-д хийх өндөр эрсдэлтэй айлчлал нь дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг худалдааны харилцаагаа, мөн өрсөлдөөний өнгө аясаа дахин тодорхойлох түүхэн боломж гэж үзэгдэж байна.
Гэвч ийм үр дүнд хүрэхийн тулд Трамп болон Хятадын удирдагч Ши Жиньпин нар технологи, худалдаа, чухал ашигт малтмал, Тайвань зэрэг олон эмзэг асуудлаас үүдэлтэй зөрчилдөөнийг даван туулах шаардлагатай болж байна. 2017 онд Трамп Бээжинд айлчилснаас хойш өнөөдөр нөхцөл байдал асар өөрчлөгдсөн. Трамп, Ши нар улам бүр хуваагдсан геополитикийн орчны эсрэг талд сууж байгаа бөгөөд ялангуяа Хятадын ойрын түнш Иран Вашингтоны дайныг зогсоох шаардлагыг эсэргүүцсээр байна.
Мөн Хятад өөрөө ч өөрчлөгджээ. Трампын өмнөх бүрэн эрхийн үед эхэлсэн худалдаа, технологийн дайны дарамтад орсны дараа Бээжин экспортын аварга системээ шинэчилж, өндөр технологийн хүчирхэг тоглогч болж хувирсан билээ.
Трамп энэ удаа эрх мэдлээ улам төвлөрүүлж, албан ёсны хугацааны хязгаараас даван засаглалаа сунгасан удирдагчтай уулзахаар болж байгаа юм. Харин Ши өөрийн талд АНУ-ын гадаад бодлогыг үндсээр нь өөрчилсөн, мөн Америкийн хуулиар сүүлчийн бүрэн эрхийн хугацаандаа ажиллаж буй Ерөнхийлөгчтэй нүүр тулна.
Энэ хоёр удирдагчийн хувийн харилцаа болон харилцан өрсөлдөөнийг хэрхэн удирдах нь зөвхөн дэлхийн тогтсон болон өсөн гарч буй супер гүрнүүдийн харилцаанд төдийгүй хоёр талтай нягт холбоотой олон улсын системд ч ихээхэн нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
Трамп юу хүсэж байна вэ? Вашингтоны өнцөг
Трампын хувьд энэ айлчлал анх төсөөлж байсан хэлбэрээрээ биш ч зайлшгүй хийх шаардлагатай зүйл болжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард БНСУ-д болсон уулзалтаар Трамп болон Ши нарын хоорондын хурцадмал байдал намжиж, худалдааны томоохон хэлэлцээр болон тарифын хөнгөлөлтийн талаар тохиролцоонд хүрэх эхлэл тавигдсан юм. Үүний дараах уулзалтыг гуравдугаар сард хийхээр төлөвлөж, эдийн засгийн тэргүүлэх зорилтууд болон үндэсний аюулгүй байдлын асуудалд төвлөрөх ёстой байв. Гэвч Ираны эсрэг дайн Трампын стратегийг хүндрүүлжээ.
Ирантай холбоотой асуудал айлчлалын гол сэдэв болохоос зайлсхийхийг хүссэн Трамп дайн хэдхэн долоо хоногийн дотор дуусна гэж үзэн Хятадад хийх айлчлалаа хойшлуулсан. Гэвч одоо дайн гурав дахь сардаа орж, энхийн хэлэлцээр мухардаад буй. Трамп даваа гарагт Ирантай байгуулсан нэг сарын гал зогсоох хэлэлцээр “маш хүнд байдалд орсон” гэж мэдэгдлээ.
Дэлхий даяар эрчим хүчний хямрал өрнөж буй энэ үед Трамп хүссэн үр дүндээ хүрч чадах эсэх нь тодорхойгүй байна. Трамп яагаад энэ айлчлалаа үргэлжлүүлж байгаа талаар асуухад АНУ-ын нэгэн өндөр албан тушаалтан “Ерөнхийлөгчийн бусад үүргээ яагаад үргэлжлүүлж болохгүй гэж?” хэмээн хариулжээ.
Гэвч уулзалтын гол сэдэв нь Иран байх магадлалтай байна.
CNN өмнө нь мэдээлэхдээ Трамп томоохон байлдааны ажиллагааг дахин эхлүүлэх асуудлыг сүүлийн хэдэн долоо хоногтой харьцуулахад илүү нухацтай авч үзэж эхэлсэн гэжээ.
Трамп мягмар гарагт Шитэй Ираны талаар “урт яриа” өрнүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Цагаан ордноос гарах үеэр CNN-ийн сэтгүүлч Алайна Трийн түүнээс Ши-д ямар мессеж хүргэх талаар асуухад “Үнэнийг хэлэхэд тэр харьцангуй сайн байсан гэж бодож байна" гэжээ. Трамп цааш нь “Хязгаарлалтыг хар даа, ямар ч асуудалгүй. Тэд газрын тосныхоо ихэнхийг тэр бүсээс авдаг. Бидэнд ямар ч асуудал байгаагүй. Тэр миний найз байсан”хэмээн хэлсэн байна.
Гэвч газрын тос тээвэрлэдэг стратегийн чухал усан зам хаагдсан нь Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч Хятад төдийгүй АНУ-ын Азийн олон холбоотонд томоохон нөлөө үзүүлж байна.
Трамп, Ши нарын уулзалт болохоос хэдхэн хоногийн өмнө Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Бээжинд айлчилсан нь хоёр улсын ойр дотно харилцааг дахин харуулсан үйл явдал болсон юм.
CNN өмнө нь АНУ-ын тагнуулын байгууллагууд Хятад улс Иранд шинэ агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэхээр бэлтгэж байсан тухай дамжуулж байв. Харин Хятад мөргөлдөөний үеэр Иранд зэвсэг нийлүүлээгүй гээд хөндсөн асуудлыг нь үгүйсгэсэн байна.
Трамп Шиг Ираныг Ормузын хоолойг дахин нээхэд шахалт үзүүлэх, мөн тохиромжтой энхийн хэлэлцээр байгуулахад дэмжлэг хүсэх төлөвтэй байна.
АНУ-ын нэгэн албан тушаалтан “Ерөнхийлөгч тодорхой дарамт үзүүлнэ гэж бодож байна” гэж хэлээд сүүлийн үеийн хориг арга хэмжээнүүдийг дурджээ.
Трампын айлчлалын өмнөхөн АНУ-ын Сангийн яам Ираны газрын тосыг Хятад руу худалдах, тээвэрлэхэд оролцсон гэх 12 хүн, байгууллагыг хар жагсаалтад оруулжээ.
Гэвч АНУ-ын зарим албан тушаалтнууд Ши Жиньпин Трампаас илүү хүчтэй байр суурьтай уулзалтад орж байна гэж болгоомжилж, Бээжин энэ давуу талаа ашиглан Тайванийн асуудлаар хүссэн зүйлээ авахыг оролдож магадгүй гэж үзэж байна.
Трамп даваа гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа “Тэр Тайванийн талаар надаас илүү их ярьж магадгүй”гэж хэлсэн.
АНУ-ын зарим албан тушаалтнуудын болгоомжилж буйгаар Ши энэ боломжийг ашиглан Тайваньд үзүүлдэг Америкийн зэвсгийн дэмжлэгийг бууруулах талаар тохиролцохыг оролдож магадгүй аж.
АНУ Тайваньд зэвсэг худалдах ёстой юу гэсэн асуултад Трамп “Би энэ асуудлыг удирдагч Ши-тэй ярилцана. Тэр биднийг зэвсэг нийлүүлэхгүй байхыг хүсдэг, тиймээс л бид энэ талаар ярилцах болно” гэж хариулжээ.
Гэсэн ч АНУ-ын өндөр албан тушаалтан “Америкийн бодлогод өөрчлөлт орно гэж хүлээгээгүй” гэдгийг онцолсон байна.
“Нэг Хятад” бодлогын хүрээнд АНУ Тайвань Хятадын нэг хэсэг гэсэн Бээжингийн байр суурийг хүлээн зөвшөөрдөг ч Коммунист намын арал дээрх бүрэн эрхийг албан ёсоор дэмждэггүй. Мөн АНУ хуулийн дагуу Тайваньд хамгаалах зориулалтын зэвсэг нийлүүлэх үүрэгтэй бөгөөд Хятад довтолсон тохиолдолд цэргийн оролцоо үзүүлэх эсэх дээрээ зориуд тодорхойгүй байр суурь хадгалсаар ирсэн.
Худалдааны асуудал мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент лхагва гарагт Сөүлд Хятадын талын төлөөлөгч Хи Лифенгтэй уулзахаар төлөвлөсөн.
АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк, Тесла болон SpaceX-ийн гүйцэтгэх захирал Илэн Маск тэргүүтэй 10 гаруй бизнесийн удирдагч багтаж байна.
Трамп, Ши нар сансар, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хэд хэдэн хэлэлцээрийг зарлан, АНУ–Хятадын худалдааны зөвлөл, хөрөнгө оруулалтын зөвлөлийн талаар мөн ярилцах ажээ.
Трамп мөн хиймэл оюуны асуудлыг хөндөнө гэж мэдэгдсэн байна. АНУ болон Хятад хамгийн дэвшилтэт AI технологийг хөгжүүлэх өрсөлдөөнд оролцож байгаа юм.
Үүнээс гадна Трамп Жимми Лай, Эзра Жин нарын асуудлыг хөндөнө гэжээ.
Тэрээр “Би өмнө нь Жимми Лайгийн асуудлыг хөндөж байсан. Харин нөгөө хүний талаар өнөө өглөө л сонслоо” гэж мэдэгдсэн байна.
Ши юу хүсэж байна вэ? Бээжингийн өнцөг
Хэлэлцээний өмнө Хятад давуу байр суурьтай байна гэсэн мэдрэмж Бээжингийн талаас тод ажиглагдаж байна.
CNN-тэй ярилцсан Хятадын эх сурвалжуудын мэдээлснээр, Бээжин АНУ-ын өндөр өртөгтэй Ираны дайн болон ойртож буй Конгрессын завсрын сонгуулийг стратегийн боломж гэж харж байгаа аж. Хятадын хамгийн ойрын зорилго нь өнгөрсөн онд Өмнөд Солонгост байгуулсан худалдааны түр эвлэрлийг баталгаажуулах явдал.
Гэвч Бээжин дотоодын асар том зах зээл болон газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээн дэх давамгай байдлаа ашиглан илүү өргөн зорилгод хүрэхийг оролдож магадгүй байна. Тухайлбал,
Хятадад Трампыг Америкийн сонгогчдод бодит амжилт үзүүлэхийг эрмэлзэж байна гэж харж байна. Хятадын талаас Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, Boeing онгоц худалдан авах зэрэг орно гэж үзэж байгаа аж. Энэ нь Бээжинд илүү их шахалт үзүүлэх боломж олгоно гэж тэд тооцоолж байна.
Мөн Трамп бараг арван жилийн өмнөхөөсөө огт өөр Хятадад бууж байна.
АНУ-тай хурцадмал байдал нэмэгдсэний дараа Бээжин нийлүүлэлтийн сүлжээ болон өндөр технологийн салбараа тэлэх өргөн хүрээтэй бодлого хэрэгжүүлжээ.
Одоогийн дэлхийн эрчим хүчний хямрал, мөн Трампын “Чөлөөлөх өдөр” тарифын бодлогын дараах худалдааны савлагааг даван туулж байгаа нь Бээжингийн хувьд энэ бодлого зөв байсны баталгаа болж байна.
Хиймэл оюун, ногоон эрчим хүч, робот техникийн салбар дахь Хятадын дотоодын технологийн өсөлт нь АНУ-ын хязгаарлалт Хятадыг улам хүчирхэг, Америкаас бага хамааралтай болгоно гэсэн Бээжингийн олон жилийн байр суурийг улам тодруулав.
Ши-гийн хувьд АНУ-тай тогтвортой харилцаатай байх нь Хятадын өсөлтөд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Гэвч Ираны дайн Ши-д шинэ хүндрэл, мөн шинэ боломж авчирч байна. АНУ мөргөлдөөнөөс гарах гарц хайж буй энэ үед Хятад өөрийгөө энхийн зуучлагчийн дүрээр харуулахыг оролдож байгаа бөгөөд Ши үүнийг Трамптай харилцахдаа ашиглахыг хүсэж магадгүй.
Бээжин Трампын илүү прагматик, наймааны шинжтэй хандлага нь АНУ дахь Хятадын эсрэг хатуу байр суурьтай улстөрчдийн бодлоос ялгаатай гэдгийг сайн ойлгож байгаа аж.
Трамп мягмар гарагт радиод өгсөн ярилцлагадаа “Бид ойлголцож чадвал маш олон давуу тал бий” гэжээ.
Хэрэв энэ айлчлал хоёр супер гүрний хооронд илүү тогтвортой байдал авчирч чадвал Бээжин үүнийг амжилт гэж үзэж магадгүй юм.
Эх сурвалж: CNN