
Орос улс Германы Гёте институтийн соёлын төвүүдийг хаахаар болсон талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров пүрэв гарагт мэдэгдсэнийг Оросын мэдээллийн агентлагууд дамжуулжээ. Энэ нь Герман улс Лейпциг хотын Халле нисэх онгоцны буудалд болсон дроны хэрэг явдалд Оросыг буруутгасны дараа гарч буй арга хэмжээ юм.
Герман улс хариу арга хэмжээ болгон Берлин дэх Оросын соёлын төв болон Бонн хот дахь Оросын консулын газрын үйл ажиллагааг хаасан байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт Герман улсыг уг хэрэг явдалд Москваг буруутгахын тулд нотлох баримт зохиомлоор бүрдүүлсэн гэж буруутгажээ.
Сергей Лавров Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийн хариуд Москва, Санкт-Петербург болон Екатеринбург хот дахь Гёте институтийн төвүүдийг хаана гэж мэдэгдсэн байна.
Төрийн өмчит TASS агентлагийн мэдээлснээр Лавров “Тэд энэ алхмыг санаатайгаар хийсэн. Үүний үр дагавар нь Герман улсын Орос дахь соёлын оролцоо төгсөнө гэдгийг ойлгохгүй байх боломжгүй байсан” гэжээ.
Тэрээр мөн Украинтай холбоотой асуудлаас үүдэн Орос болон Барууны орнуудын харилцаа хурцадсан ч эдгээр соёлын төвүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан гэж нэмж хэлсэн байна.
Орос дахь анхны Гёте институт Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараахан буюу 1992 онд Москвад нээгджээ. Өмнө нь Их Британитай дипломат маргаан үүссэний дараа Орос улс 2018 онд тус улсын Элчин сайдын яамны үйл ажиллагааг хаах шийдвэр гаргаж байсан юм.
Лхагва гарагт ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко Бонн дахь Оросын консулын газрыг хаасны хариуд Москва “тун удахгүй” хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн.