
Францын зүүн хойд хэсгийн Томблен хотод шүхрийн спортын нислэг үйлдэж байсан онгоц осолдож, зорчиж явсан 11 хүн бүгд амиа алдсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээллээ.
Албаны хүний мэдээлснээр, осол орон нутгийн цагаар өглөөний 11:00 цагийн орчимд Томблен хотын нисэх буудлын орчимд гарсан байна.
Сувилагчдын зөвлөлийн ерөнхийлөг Тьерри Пешегийн мэдээлснээр, амиа алдагсдын дунд таван шүхрийн спортын зааварлагч, таван хувиараа ажилладаг сувилагч, мөн онгоцны нисгэгч байжээ.
Ослын дараа цагдаа, гал түймэр унтраах, аврах албаны томоохон бүрэлдэхүүнийг дайчилж, 50 гаруй гал сөнөөгч хэргийн газарт ажилласан байна.
Албаны хүний хэлснээр, онгоц нисэх буудлын захад байрлах орон сууцны хорооллын ойролцоо "бараг босоо чиглэлээр" унажээ. Ослын газарт хохирогчдын ар гэрийнхэн зэрэг олон хүн байсан ч энгийн иргэдийн дунд хохирол гараагүй аж.
Ослын гэрч болсон нэгэн жолоочийн ярьснаар, онгоц агаарт хөөрсний дараа гэнэт баруун тийш огцом хэлбийсэн аж. Тэрээр "Ямар нэгэн зүйл буруу болсныг шууд ойлгосон. Осол маш хүчтэй байсан тул амьд үлдсэн хүн байх боломжгүй нь тодорхой байсан" гэж мэдээлжээ. Францын эрх баригчид ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Францын Тээврийн сайд Филипп Табаро энэхүү ослыг "аймшигт эмгэнэлт явдал" хэмээн тодорхойлж, ослын газарт очихоо мэдэгдсэн байна.