
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) энэ сарын 17-д эхэлнэ. Уг хурлын бэлтгэл ажлын хүрээнд КОП17 Үндэсний хорооны Ажлын албаны Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хороо нь КОП17-ын үеэр Соёл урлагийн хөтөлбөр, арга хэмжээнүүд, олон улсын төлөөлөгчид, зочид, оролцогчдын байр, зочид буудлын зохион байгуулалтыг бүрэн хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд байр сууцыг урьдчилан захиалах, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулах, зочид буудлын мэдээллийг хурлын албан ёсны цахим системд нэгтгэн байршуулж, цахим захиалгын ажлыг зохион байгуулж бүртгэлийг хийж эхэлжээ.
Соёлын хөтөлбөрийн хүрээнд Цэнхэр бүс, Ногоон бүсэд Монголын өв соёл, урлагийг сурталчлах тоглолт, үзэсгэлэн, соёлын олон талт арга хэмжээнүүд болно. Үүнд, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Монголын уран зургийн галерей, музей, соёлын өвийн байгууллагуудын хамтарсан тоглолт, үзэсгэлэнг зохион байгуулахаар бэлтгэж байна. Мөн Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болох "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг зочдод үзүүлэхээр төлөвлөсөн байна. Дэлхийн соёлын уг фестивалийг наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Эдгээр хөтөлбөр нь КОП17-ын сэдэвчилсэн өдрүүд, соёлын арга хэмжээтэй уялдан хэрэгжих бөгөөд бүх мэдээллийг хурлын албан ёсны www.unccdcop17.org цахим хуудсаар дамжуулан хүргэх аж.