
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 656 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох 10 сэдвийг танилцуулъя.
НЭГ. Ирц дутуу Цэц
Улс төрийн хүрээнд анхаарал татсан аливаа асуудал хүндэрч, парламент, Засгийн газрын түвшнээс давбал үүнийг шийддэг эцсийн шат нь Үндсэн хуулийн Цэц байдаг. Учир нь Цэц бол Үндсэн хуулийн манаач. Өөрсдөө асуудлыг Цэцээр шүүлгэх хэмжээнд томруулчхаад араас нь байнга хардаж сэрддэг “уламжлал” тогтоод буй. Энэ удаа ч тус байгууллага ээлжит удаагаа олон нийтийн анхаарлын төв, хэлэлцүүлгийн “бай” болов. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан төслөөр Цэцэд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах онцгой бүрэн эрх олгохоор төлөвлөсөн нь үүний шалтгаан юм. Одоо бол гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд л хугацаанаас нь өмнө эгүүлэн татах боломжтой. Харин дээрх төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн бол парламентаар хэлэлцэх шаардлагагүйгээр шууд бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхээр тусгажээ. Мөн ёс зүйн ноцтой алдаа гаргасан, өргөсөн тангаргаасаа няцсан, нийт чуулганы хуралдааны 30 хувьд оролцоогүй, саналаа биеэр өгөөгүй бол эгүүлэн татахаар нэмж оруулсан юм. Жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах эрхийг тухайн намд нь өгсөн.
Улс төрийн хүрээнд уг хуулийн төслийг баталбал парламентын бүрэн эрхэд халдана, эсвэл ёс зүйгүй, хууль зөрчигчдийг зайлуулж УИХ-ыг цэвэрлэнэ гэсэн маргаан өрнөж байна. Нөгөө талд ёс зүй гэж юу болох тухай ч улстөрчид эргэж бодоход хүрэв. Тэднийг эгүүлэн татах онцгой бүрэн эрх эдлэх гэж буй Үндсэн хуулийн Цэц өөрөө итгэж болох байгууллага мөн үү гэдэг асуудал сөхөгдлөө. Түүнд ажиллаж буй хуульчид ёс зүйн шалгуур хангах уу гэдэг асуулт гарч ирээд байна.
С.Туулын "Ёс зүйн луужин нь “эвдэрсэн” цэц" нийтлэлээс
ХОЁР. Өөрчлөлтөд бус өөртөө найдах цаг
Сүүлийн хоёр жилд гурван ч Засгийн газар дамнан яригдаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн нь Татварын багц хуулийн төсөл. Олон удаагийн хэлэлцүүлэг, 12 мянга гаруй иргэн, хуулийн этгээдийн саналаар боловсруулсан гэх Татварын багц хуулийн төслийг 2025 оны эцэст Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Иргэд, аж ахуй нэгжүүдийн татварын дарамтыг бууруулахаар хуулийн төслийг боловсруулсан гэж Ерөнхий сайд асан Г.Занданшатар тухайн үед мэдэгдэж байсан ч өмнөх хуулийн зохицуулалтыг дордуулсан, үр нөлөө багатай шинэчлэл болох нь гэх шүүмжлэл ч дагасан. Харин энэ хуулийн төслийг шинээр томилогдсон Засгийн газрын тэргүүн нь эргүүлэн татсан. Н.Учралын Засгийн газар хэзээ татварын хуулийн төслөө боловсруулж дуусах, хэзээ УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх нь тодорхойгүй. Тус хуулийн төслийг боловсруулахаар ажиллах байгаа гэх Сангийн сайд нь тоймтой хариулж чадахгүй явна. “Бухын доодхыг харж, үнэг турж үхнэ” гэгчээр хууль тогтоомж боловсруулах ажлын 90 орчим хувийг хийдэг Засгийн газарт найдалтгүй бололтой. Учир нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тавдугаар сарын 1-нээс өмнө УИХ-д өргөн барина. Боловсруулагдаагүй хуулийн төслийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах нь юу л бол. Татварын хуулийн төсөл боловсруулагдсан ч ирэх оноос хэрэгжих эсэх нь цаг хугацаагаар хэмжигдэж байна.
Нийтлэлч М.Мөнхжаргалын "Бухын доодхыг харж үнэг турж үхэх нь" нийтлэлээс
ГУРАВ. Танд үзэл бодол бий юу?
Өдгөө залуус хичээлийн бие даалт, эсээ зэрэг багшийн өгсөн үүрэг даалгаврыг ChatGPT-д түшиглэн хийх нь түгээмэл болсон. Асар их өгөгдөлтэй уг технологи google-с хайлт хийхээс хурдан, дээр нь жишээ баримтууд нь баялаг. Өгөгдсөн нөхцөл, сэдвийн дагуу нийтлэл, шүлэг, эсээ, үлгэр хүртэл зохиож, олон хэлээс орчуулга ч хийлгэх боломжтой. Хүн төрөлхтний олон жилийн уйгагүй хөдөлмөрч, бүтээлч сэтгэлгээний үр дүнд бүтсэн гайхалтай дэвшлүүдийн нэг гэдэг нь гарцаагүй. Гэвч хиймэл оюун нь дээр дурдсан асар их өгөгдөл дундаас ерөнхий, дунджийг баримталсан нийтлэг аргачлалаар трендийг илрүүлэх зориулалтай технологи гэдгийг мартаж болохгүй.
Түүний хийсэн ажил нь улиг болсон, олон нийтийн үзэл бодолтой ямагт харгалдах төлөвтэй байдаг. Тиймээс нэг ангийн хүүхдүүд ижил сэдвээр эсээ зохиолоо гэхэд бичгийн хэл найрууллын хувьд цутгачихсан мэт нэгэн хэвийн байхаас гадна, нөгөө л давтмал, улигласан санаа тэндээс уншигдана. Иймээс таны бүтээл бусдынхтай ижил, ялгарах зүйлгүй байхаас гадна бие хүний онцлог, сэтгэлгээний ондоошлыг бичвэрээс тань тодорхойлж дөнгөхгүй.
Нийтлэлч Б.Алтанхуягийн "Дундчуулын нийгэм" нийтлэлээс
ДӨРӨВ. “Хар ухаан”
Манай улсын гадаад өрийн хэмжээ хуульд заасан дээд хязгаартаа тулж дахин зээл авах боломжгүй болох үед Засгийн газрын өрийг гадаад өрөнд тооцохгүй байх хууль баталж байлаа. Бас өрийг өглөг гэж нэрлээд өрийн дарамтаас түр зугтах санаачилга ч гарч байв. Энэ мэтээр манай төр засаг дэлхий нийтийн нийтлэг ойлголтын гажсан, монголчилсон бодлого хэрэгжүүлэхдээ сурамгай. Яг одоо УИХ дээр бас нэг ийм бодлого яригдаж байгаа. Энэ нь УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл. Бас өр зээлээ монголчлох агуулгатай хуулийн төсөл. Манай улсын гадаад зээлийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж ашиглалт нь өрийн таазнаасаа хальж, ашиглах боломжгүйд хүрсэн.
Авсан зээлээ өөрийн хязгаартаа багтаан зарцуулах хуультай. Энэ хуулиа хэрэгжүүлэх гэтэл нэгэнт авсан зээлээ бүрэн ашиглах боломжгүй болж хий хоосон хүү төлөх нөхцөл үүсээд байгаа юм. Тиймээс амьдралын “хар ухаан”-тай 21 гишүүн дэлхий нийтэд дагаж мөрддөг төсөв, санхүүгийн ойлголтыг монголчлох арга ухаан сийлжээ. Тэд Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Энэтхэг улсын Засгийн газраас авсан, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээл, Сэлбэ дэд төвийг бүтээн босгохоор бонд босгож авсан зээлүүдийг өрийн хязгаараас гаргах хуулийн төсөл санаачлаад байгаа юм.
Нийтлэлч С.Шийлэгтөмөрийн "Монголчилсон бодлого" нийтлэлээс
ТАВ. Төгрөг хэрэглээнээс гарах цаг болоогүй
Манай оронд цахим төлбөр тооцооны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа ч 2025 оны эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр гүйлгээнд байгаа бэлэн мөнгө (төгрөг) 1.2 орчим их наяд төгрөгт хүрсэн гэсэн төв банкнаас гаргасан мэдээлэл бий. Мөн нийт мөнгөний нийлүүлэлт 2025 оны эцэст 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 8.7 хувиар өсжээ.
Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний тоо ширхэг өмнөх оноос 4.6 хувиар буюу 26.1 сая ширхгээр нэмэгдэж, 590.4 сая ширхэгт хүрсэн байна.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний бүтцийг мөнгөн дүнгээр нь авч үзвэл өндөр нэрлэсэн дүнтэй дэвсгэртүүд дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Тодруулбал, 2024 онд 10 000 болон 20 000 төгрөгийн дэвсгэртүүд мөнгөн дүнгийн 89.5 хувийг, үүнээс 71 хувийг нь 20 000-тын дэвсгэрт дангаараа бүрдүүлжээ.
2020 онд Монгол Улсад хийгдэж байсан нийт төлбөр тооцооны тоо хэмжээний 20%, үнийн дүнгийн 50%-ийг бэлэн мөнгө эзэлж байсан бол 2025 онд энэ төлбөр тооцооны хэмжээ 7%, үнийн дүн 23% болж буурчээ.
Нийтлэлч Л.Эрдэнэжаргалын "Бэлэн мөнгө байраа тавьж өгөх болоогүй" нийтлэлээс
ЗУРГАА. Үргүй үрэлгэн зарцуулалт
Засгийн газрын тусгай сангууд дотроос онцлох нэг нь “Эрүүл мэндийг дэмжих сан” юм. Нийгмийн, нийтийн эрүүл мэндийг дэмжиж, иргэдийг өвчлөлгүй, зөв дадал, хэв маягтай болгох зорилготой тус сан бий болсноос хойш 20 жил өнгөрсөн байна. Гэвч өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсад өвчлөлийн тоо тохиолдол тасралтгүй нэмэгдэж, олон өрх цаашлаад улс нийтээрээ өвчнөө эдгээхэд хөрөнгөө барж, хүүдийгээ сулладаг. Энэ нь Эрүүл мэндийг дэмжих сан иргэдийн эрүүл мэндийг дэмжих үндсэн үүргээ биелүүлж чадаж байгаа эсэх асуултад тун тодорхой хариулт өгч буй. Өмнө нь энэ сан хамгийн бага санхүүжилттэй, төсөв мөнгө хязгаарлагдмал байдгаас иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад хүрэлцдэггүй гэх агуулгын салбарын сайдаас эхлээд хөндөж, гомдоллодог байв. Харин одоо бол нөхцөл өөрчлөгдсөн. Архины онцгой албан татварын нэг хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувь, тамхины онцгой албан татварын хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө, бусад хандив, тусламж зэрэг эх үүсвэрүүдээс Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилт бүрддэг болсон. Тоо сөхвөл, 2025 оны төсвийн төсөлд тус сангийн төсвийг 15 тэрбум 826 сая төгрөгөөр тооцож, дээд шатны төсвийн захирагчид хүргүүлсэн байдаг. Улмаар 9 тэрбум 711 сая төгрөгийн төсвийг баталжээ. Чамлахааргүй дүн. Зарцуулалт оновчтой, төсөл хөтөлбөр ил тод, нээлттэй, үр дүнгээ үнэн зөв тайлагнадаг бол энэ мөнгөөр нийтийн биш ч нэг хэсэг хүний эрүүл мэндийг хамгаалах бүрэн боломжтой. Харамсалтай нь, үр дүнгүй төсөл хэрэгжүүлж, үргүй мөнгө урссаар байна.
Нийтлэлч О.Даваасүрэнгийн "Дэмждэггүй дэмжих сан" нийтлэлээс
ДОЛОО. Системийн сөрөг нөлөө
Ард иргэд нь ямар байна, нийгэм тийм л байна гэдэг их мэргэн үг. Даанч олон давтсаар улиг болж хуучраад, ууц нурууг нь авчихсан хонины морь шиг хэн ч тоохоо больчихсон байх л даа. Гэвч бидний бухимдаж, нийгмээ зүхэж байгаа шалтгааны үндэс өөрсөдтэй маань холбоотой болж таарав. Саяхан цахим орчинд хот төлөвлөгч гэх эмэгтэйн зургийг ярилцлагаас нь хуулж аваад гадаад төрх байдлаар нь шоолж, маазарсан мэт доромжилсон пост, сэтгэгдлүүд хөвөрсөн. Мэдээж нөгөө талдаа шүүмжлэгчдийг бусдын өөр байдлыг эс хүлээн зөвшөөрөх, ялгаатай хөгжлийн талаарх мэдлэггүйг нь шагшрах, эрүүл мэндийн шалтгаанаар нь бусдыг доог тохуу хийж, нийтийн өмнө гутаах нь хамгийн жигшүүртэй үйлдлүүдийн нэг болохыг сануулах хүмүүс ч байв.
Хамгийн гол нь үзэл бодлын зөрүүгээс үүдэж хүнийг төрх байдлаар нь доромжлох явдал төдийлөн бидний хөндөж ярьдаггүй хүнд сэдвүүдийн нэг. Эрүүл мэндийн шалтгаанаас үүдсэн дүр төрхөөсөө болоод олон нийтийн өмнө бусдад доромжлуулж, доог тохуу болж байгаа хүний сэтгэл зүйг төсөөлөхөд ч мөн бэрх. Эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлж байна гээд бусдыг ийн тавлаж бахаа хангах нь хүчирхийлэгчийн дүр мөн.
Нийтлэлч Б.Алтанхуягийн "Хүчирхийллийн хоёр зам" нийтлэлээс
НАЙМ. Тархи ба эсрэг өдөөлт
Хүн өдөрт ердөө 20-30 минутыг өөртөө зориулж, дуртай зүйлээ хийхэд стресс багасаж, сэтгэл санаа сэргэдэг аж. Учир нь бид өдөржин нэг төрлийн ажилд төвлөрөх үед тархины нэг хэсэг хэт их ачаалал авч ядардаг байна. Харин эсрэгээрээ ажлаас огт өөр зүйл хийж эхлэхэд тархины идэвх өөрчлөгдөж, ачаалал авсан хэсэг нь түр амсхийдэг. Ингэснээр хүн илүү тайвширч, бодол цэгцэрч, эрч хүчтэй болдог. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, тархинд допамины урсгал орж ирдэг. Хүн дуртай зүйлээ хийх тэр мөчид аз жаргалын даавар ялгарч, кортизолын “хор”-ыг саармагжуулаад зогсохгүй тархийг амрах горимд нь шилжүүлдэг байна.
Хоёрдугаарт, анхаарал төвлөрлийн шилжилт явагдана. Ажлын асуудлаас огт өөр зүйлд буюу зураг зурах, юм нэхэх, эсвэл хөгжим тоглоход анхаарлаа хандуулах үед өдөржин ажилласан тархины хэсэг амарч, ашиглагдаагүй байсан мэдрэлийн цэгүүд ажиллаж эхэлдэг. Үүнийг шинжлэх ухаанд “идэвхтэй амралт” гэж нэрлэдэг. Энэ нь зүгээр л буйдан дээр хэвтэхээс илүүтэйгээр тархиныхаа өөр “цэг”-үүдийг өдөөснөөр туйлдсан хэсгийг хамаагүй хурдан нөхөн сэргээхэд тусалдаг байна.
Нийтлэлч И.Сарангоогийн "Стрессийн “дайсан” нийтлэлээс
ЕС. Аваргуудын ашиг
Дайн эхлээд ганцхан сар өнгөрөхөд газрын тос, байгалийн хийн олборлолт худалдаагаар дэлхийд тэргүүлдэг 100 компани цаг тутамд 30 сая ам.долларын ашиг олсон тухай бодит тооцоо гарчээ.Saudi Aramco, Газпром, ExxonMobil зэрэг газрын тосны аваргууд Ойрхи Дорнодын хямралаас хамгийн ихээр ашиг хүртсэн нь тодорхой. АНУ, Израилийн цэргийн хүч Иранд довтолсон өдрөөс газрын тосны үнэ хоногоор өсөж гуравдугаар сард нэг баррель нь дунджаар 100 ам.долларт хэлбэлзэхэд олборлогч компаниудын гэнэтийн ашиг 23 тэрбум ам.долларт хүрчээ. Нийлүүлэлт дайны өмнөх түвшиндээ эргэн ортлоо хэдэн сар саатаж нефтийн үнэ 100 ам.долларын дунджаа хадгалбал компаниуд оны эцэс гэхэд 234 тэрбум ам.долларын цэвэр ашиг олно.
Нийтлэлч С.Лхагвасүрэнгийн "Цагт 30 сая ам.доллар: Ираны дайны далд ялагч" нийтлэлээс
АРАВ. Сагсчид сайхан байна
2026 он бол хөлбөмбөгийн жил. Дэлхийн нийтээр хүлээж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ердөө 50 хоногийн дараа эхэлнэ. Анх удаа 48 баг өрсөлдөж, гурван улсад зохион байгуулагдах тус тэмцээний эргэн тойрон дахь үйл явц дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаар байна. Зуны турш хөлбөмбөгийн ертөнцөөр аялах сая, сая фанатууд хэдийнэ АНУ, Канад, Мексик явах тасалбараа авчээ. Иймд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ямар түвшинд байгаа нь анхаарал татлаа.
2024 оны есдүгээр сард Зүүн Тиморын багийг өөрийн талбайд хүлээн авч 2:0-ээр хожиж байсан Монгол Улсын эрэгтэй шигшээ баг сүүлийн жилүүдэд олон улсын тоглолтод оролцсонгүй. Энэ тоглолт ирэх онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалт байсан ч манай баг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:3-аар ялагдаж байв. Хэдийгээр өөрийн талбайдаа хоёр гоол оруулж түүхэн ялалт авсан ч энэ нь цааш тоглох хангалттай үзүүлэлт биш байв. Энэ тоглолтоос хойш Монгол Улсын шигшээ баг Азийн бүсийн том тэмцээнд оролцсонгүй. Цаашлаад нөхөрсөг тоглолтод ч шигшээ баг дуудагдсангүй. Энэ байдал хамгийн их анхаарал татаж шигшээ багийн тамирчид холбооны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж ирлээ. Мөн холбооны шинэ ерөнхийлөгчөө хүлээн зөвшөөрөхгүй зэрэг асуудал гарсаар байна.
Нийтлэлч Б.Болорчулууны "Сагсанбөмбөгөөс санаа аваач!" нийтлэлээс