
Монгол Улсын тав хүртэлх насны нийт хүүхдийн 8.4 хувь өсөлт хоцролттой, 1.5 хувь тураалтай, 11.3 хувь илүүдэл жинтэй, 1.3 хувь туранхай буюу хоол тэжээлийн цочмог дуталтай байгааг “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааны дүн харуулсан.
Тус судалгаанд тав хүртэлх насны 2786 хүүхэд, ЕБС-ийн 1-12 ангийн 4742 суралцагч хамрагдсан бөгөөд ЕБСийн суралцагчдын 2.6 хувь өсөлт хоцролттой, 2.3 хувь туранхай буюу өндөртөө тохирохгүй бага жинтэй, 19.6 хувь илүүдэл жинтэй, харин 6.2 хувь тарган, 1-5 дугаар ангийн суралцагчдын 23.7 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байгаа нь 2017 онд хийгдсэн “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгааны дүнгээс 22.2 хувиар өссөн дүн юм. Хувьчлан заасан олон тоог нэгтгэн хэлбэл Монголын ирээдүй болсон дөрвөн хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна гэсэн үг. Өсөлтийн хоцрогдолт, илүүдэл эсвэл бага жинтэй, хөдөлгөөний дутагдал, шим тэжээлийн тэнцвэргүй байдал монгол хүүхдүүдийн дундах “нийтлэг асуудал” болсныг хайхралгүй жилээс жилд хувьчлан нэмэгдүүлж буй буруутан нь томчууд бид.
Хоол тэжээлийн илүүдлээс үүсэх таргалалт нь өсвөр насны оюун ухаан бие махбодын хөгжилд зөвхөн сөргөөр нөлөөлдөг. Зүрх судасны өвчин, чихрийн шижин, элэг цөсний эмгэг болон зарим төрлийн хорт хавдраар өвдөх эрсдэл ч жингийн илүүдлээс улбаатай. Ээж, аавууд эрүүл мэнддээ хөрөнгө оруулан фитнесс, иог, тураах клубуудэд хичээллэж байх зуур хүүхдүүд буруу, шим тэжээлийн тэнцвэргүй хооллолт дээрээ нэмээд хөдөлгөөний дутагдалд орж байна.
ЕБС-д ордог Биеийн тамирын хичээлийн зорилго эрүүл чийрэг биетэй, өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангахуйц хөдөлгөөний чадвартай, биеийн тамирын дасгалаар хичээллэж бие бялдраа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, эрүүл амьдралын дадал хэвшилтэй иргэн болж төлөвшүүлэх байдаг. Харамсалтай нь, бодит байдалд хичээлийн таван өдрийн ихэвчлэн хоёр хоногт, 40 минутаар хичээллэдэг биеийн тамирын хичээл өсөж буй биед хэрэгтэй хөдөлгөөнийг, хөгжлийг хангаж чадахгүй байгаа. Боловсролын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, холбогдох яамдын сайд нарын баталсан дүрэм, журам, Стандарчлал хэмжил зүйн газраас баталсан 30 орчим стандарт, барилгын хийц, даац, дэд бүтцийн холболт зэргийг тогтоосон 200 гаруй журмаар зохицуулагддаг атлаа ганцхан энгийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь юутай холбоотой бол?
2021 онд Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй эсэхийг тодорхойлох судалгааг есөн дүүргийн 8-17 насны 4094 хүүхдийн төлөөллөөс цахимаар авч дүгнэжээ. Хүүхдүүд өөрсдийн амьдарч, өсөж буй орчноо “Саарал бүс” буюу
- Сурч хөгжих орчин буюу тоглоомын талбай,
спорт заалны хүрэлцээ 42%
- Эрүүл амьдрах орчин буюу хог, хөрс, агаарын
бохирдол, ногоон байгууламж 55%
- Сэтгэлзүйн орчин буюу мансууруулах бодис,
хүчирхийлэл, харилцааны асуудал 57%
- Аюулгүй амьдрах орчин буюу нийтийн
тээвэр, хаягжилт, хүүхэд хамгаалал 59% хэмээн дүгнэсэн аж.
Тэдний хүслийг “ногооруулахад” уг нь их зүйл хэрэггүй. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг нь л бүрдүүлээд өгчихөд болох зүйл. Биднээс ч их зардал гарахгүй гэдгийг жилээс жилд багаар ч болов нэмэгдэж буй спорт заал, спортын гадна талбайн тоо харуулна.
Монгол Улсын нийт спорт заалны 62.6 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн зориулалттай ба үлдсэн 37.4 хувь нь бусад төрлийн зориулалтаар ашиглагдаж байна. Үүний 7.8 хувь буюу 120 нь зөвхөн бэлтгэлийн зориулалттай, 6.9 хувь буюу 107 нь спортын төв 23 хувь буюу 87 нь тус тус төрийн захиргаа болон хувийн аж, ахуйн нэгж байгууллагуудын зориулалтаар ашиглагдаж байна.

Уг нь Улаанбаатар хотын ЕБС бүр шахуу спорт заал, спортын гадна талбайтай байгаа биз. Гэхдээ тэр бүх заал, талбайнууд биеийн тамирын хичээл, сургуулийн зүгээс зохион байгуулж буй тэмцээн уралдаанаас бусад цагт сурагчдад хаалттай байдаг. Цэцэрлэгийн хашаагаа хүртэл ажлын бус цагаар түгжчихдэг улсын хүүхдүүд хөдөлгөөний дутагдал, илүүдэл жинтэй байхад гайхах зүйл уг нь байхгүй л дээ. Монгол Улсад биеийн тамир, спортоор зонхилон хичээллэдэг 6-64 насны нэг хүнд ногдох спорт заалны талбайн хэмжээ 0.176 ам метр байна. Энэ нь олон улсын жишигтэй харьцуулахад маш доогуур түвшинд тооцогдоно.
Спортын дэд бүтцийн хүртээмжийг хот төлөвлөлтийн практикт олон улсын зөвлөмжөөр хамгийн багадаа 0.5 м²/хүн, зорилтот түвшингээр 1.0 м²/хүн ба түүнээс дээш байлгахаар зорьдог. Тэгэхээр манай улсын хэмжээ нийтлэг хамгийн бага хэмжээнээс даруй гурав дахин бага, сайн хөгжсөн түвшин болох 1.0 м²/хүн-тэй харьцуулахад 5-6 дахин бага байна. Хамгийн харамсалтай нь, 0.176 м²/ хүн гэж ногдож буй хэмжээ нь өөрөө тэгш, хүртээмжтэй бус. Хүртээмжгүй байгаа нь зай талбайн хүрэлцээнээс буй зохицуулалт, ашиглалтаас илүү хамааралтай байгаа аж.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн спортын нийт талбайн 87.2%- ийг төмөр тороор хүрээлсэн бол 12.8% нь тухайн талбайг хүрээлсэн ямар нэг хашаа, тор байхгүй байна. Төмөр тороор хүрээлсэн талбай Улаанбаатар хотод хамгийн олон буюу 52.6% байгаа бол бетон цутгамал хашаагаар хүрээлсэн талбай Төвийн бүсэд хамгийн олон байна. Хангайн бүс ямар нэг хүрээлсэн хашаа, торгүй талбайн тоогоор хамгийн өндөр байна.
Биеийн тамир, спортын нэг удаагийн улсын үзлэг, тооллого – 2024
Улсын нуруунд бүхнээ үүрүүлэлгүй өөрсдөө учраа олж, үр хүүхдэдээ анхааръя гэхнээ “Сүүлийн нэг жилийн хугацаанд спортын гадаа талбайн 84.6 хувьд нь спортын холбоо, клуб үйл ажиллагаа зохион байгуулаагүй бол 15.4 хувьд нь үйл ажиллагаа зохион байгуулжээ” гэдэг өгүүлбэр гол гогодов.
Спорт заалны хүрэлцээ хэт хангалтгүй, иргэдийн идэвхтэй хөдөлгөөнд оролцох боломж хязгаарлагдмал байхад дорвитой үйл ажиллагаа зохион байгуулдаггүй талбайнхаа ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч, хэн хэндээ тустай байх боломж бололцоог нээлттэй болгочиход л эхний алхам амжилттай хийгдэнэ. Шаардлагатай гэвэл хэн, хэзээ, хэрхэн ашиглах эрх, үүргийг нь журмаар зохицуулаад өгчихвөл эрүүл ирээдүйн төлөө хийх эхний алхам болохоор...