Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл 654 дэх дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох сэдвүүдээс танилцуулъя.
НЭГ. ХҮНЭЭР ДУТАХЫН СУЛ ТАЛ
Монгол Улс дэлхийн улс орнуудын дайтай хөгжихөд хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол хүний тоо. Дэндүү том газар нутагт хэтэрхий цөөхүүлээ амьдарч байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа. 1962 онд буюу одоогоос 63 жилийн өмнө нэг саяын босго давж, 1988 онд хоёр, 2015 онд гурван саяулаа болсон монголчууд одоо дөрвөн сая руу тэмүүлж явна. Нэг сая хүн өсөх, хоёр сая хүн өсөх хоёрын хооронд асар их ялгаатай ч монголчууд нэг саяас хоёр сая болох хүртлээ 26, хоёр саяас гурван сая хүртлээ 27 жилийг зарцуулжээ. Хоёр саяас гурван саяд хүрэхдээ уг нь бага хугацаа зарцуулах ёстой. Гэтэл нэгээс хоёр саяд хүрсэн хугацаанаас ч их хугацаа зарцуулсан нь төрөлт буурсантай холбоотой. Хүнээр дутаж, хөгжлөөр хоцрохын зовлонг Монгол Улс өдөр тутамдаа мэдэрч байна. Ялангуяа ажил олгогчид хүнээр дутахын зовлонг хамгийн ихээр мэдэрч байгаа. Учир нь, бүх салбар ажиллах хүчний хомсдолд орсон. Төрөлт хамгийн бага үе буюу 1991-2005 онд төрсөн хүүхдүүд одоо ажиллах хүчний гол бүлэг болж байгаа нь хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэхэд нөлөөлж байна. Төрөлт одоо ч буурсаар байгаа нь ажиллах хүчний хомсдол цаашид гүнзгийрэхийг илэрхийлнэ. Эдийн засагчид 2040 оноос хойш хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол бүр их болно гэдгийг онцолж байгаа юм.
С.Шийлэгтөмөрийн "Хүнээр дутаж, хөгжлөөр хоцров" нийтлэлээс
ХОЁР. ХӨВГҮҮД ХОЁРДУГААРТ
Хүйсээсээ, хүч тэнхээнээсээ хамааран язгуур эрх нь зөрчигдөж, хүчирхийллийн хохирогч болох учиргүйг эмэгтэйчүүдэд сануулж, өөрийгөө хамгаалах өөр хүч бий болгох хэрэгтэйг таниулан, дадуулж байгаа нь зүйд дөхнө. Гэхдээ дан ганц бүсгүйчүүдийг чамбайруулж, боловсруулах нь жендэрт суурилсан хүчирхийллийн тоо, тохиолдлыг цөөрүүлэх бодит шийдэл болж чадахгүй байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин, удирдах албан тушаал хаших бүсгүйчүүдийн тоо, улс төр дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь, дээд боловсрол эзэмшиж байгаа охидын үзүүлэлт тасралтгүй сайжирсан. Гэтэл охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч болсон харамсалтай тохиолдол цөөрсөнгүй.
Хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох гарц нь дан ганц хүчирхэг эмэгтэйчүүдийг бэлтгэх явдал биш. Хүчирхийлэл үйлддэггүй эрчүүдийг төлөвшүүлэх нь эн тэнцүү чухал. Гэтэл өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийг амьдралынх нь аль нэг үед тохиох хүчирхийллээс өөрийгөө хамгаалахад бэлтгэж дадсанаас эрэгтэйчүүдийг ийм үйлдэл, хийдэлгүй байлгах тал дээр анхаарсангүй.
Нийтлэлч О.Даваасүрэнгийн "Гээгдсэн эрчүүд ба гэсгээл" нийтлэлээс
ГУРАВ. ГИШҮҮД ЭЭ, ЦОНХООРОО ХАР!
Наадам ч сайхаан. Эртнээс уламжилж ирсэн төрт ёсны хамгийн том баяруудын нэг болох эрийн гурван наадмаа монголчууд хүндэтгэн дээдэлж, асрын хоймрын элбэгдүүхэн зайд зассан ширээнд сууж, айраг сөгнөсөөр байх болно. Гэвч бушуу туулай борвиндоо баастай гэгчээр УИХ-ын гишүүдийн бодлоор бол энэ сайхан уламжлалаа монгол түмэн маань үлгэрт гардаг салан баавгай шиг гээчих гээд байгаа бололтой. Тийм ч учраас чанх урд нь овоорсон олон асуудалд бус Наадмын тухай хууль руугаа хагас жилийн өмнөөс л анхаарал хандуулаад эхэлжээ.
Иргэд удаа дараалан үүссэн шатахууны хомсдлын талаар дорвитой шийдэл нэхэж, өвчлөл нэмэгдсэн хүйтний улиралд эмнэлгийн ачааллыг бууруулах, ерөөс эрүүл мэндийн салбарт сайд сольж томилох бус нийтэд тустай цогц шинэчлэл хийхийг шаардаж, түлэх нүүрс олдохгүй байгаа талаар гэр хорооллын иргэд байр сууриа илэрхийлж, сонгууль дуусуут л сонсогдсон эрх баригчид нь цоорхой бээлий адил гээж хаядаг мөнөөх газарт нь нүүрс дамлан худалдах бизнес газар авч, зам тээврийн осол нэмэгдэж, олон жилийн турш бүрэн дүүрэн шийдэл олж чадаагүй утаа, түгжрэл зэрэг асуудлууд хөл тушиж, хоолойд тулсан ч гишүүд тэдгээрийг чуулганы танхимын гадна хөсөр хаяв. Төрөөс тусгай хангамж горилж, том, жижиг хамаагүй суудалд санаархах сэхээтэн гэж өөрийгөө тодорхойлсон тэдний хүзүүнд сайхан зангиа, хөлд нь брэндийн гутал байхад л болоод явчихна. Нийтийг хэрсэн асуудлууд ямагт хаалганы гадна үлдэнэ.
Харин Наадмын хуулийн шинэ төсөл гэнэт л танхимын үүдийг татан орж ирүүт гишүүд нь иргэдэд тулгамдсан, яг одоо шийдэх ёстой чухал асуудал аятай уухиран зүтгэж, уухайлан дэмжиж батлав.
Нийтлэлч Б.Алтанхуягийн "Тэд яарч, бид даарав" нийтлэлээс
ДӨРӨВ. ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ “ТЭТГЭМЖ” БИШ
Тэтгэврийн зээлийн хүү, хугацаанд асуудал байгаа бус тэтгэврийн хэмжээ бага байгаад бүх учир бий. Өнөөдөр улсын хэмжээнд дундаж цалин 2.7 сая төгрөг байгаа бол ахмад настны тэтгэврийн дундаж хэмжээ 848 мянга төгрөг буюу 3 дахин бага. Амьжиргаанд хүрэлцэхгүй энэ мөнгөөр сарын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ инфляц гэх чимээгүй татвар иргэдийн орлогыг улам үнэгүйдүүлсээр. Иймээс ч зээлээс зээлийн хооронд өдөр хоногоо аргацаахаас аргагүй нөхцөлд олон хүн амьдарч байна.
Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэлх сараар сунгалаа гээд ахмадуудын амьдрал сайжрахгүй, эсрэгээрээ урт хугацааны өрийн дарамт үргэлжилнэ. Тэтгэврийн зээлдэгчийн орлогыг харвал дундаж зээлдэгч 859 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа бол хамгийн бага нь 572 мянган төгрөг, хамгийн ихдээ 1.3 сая төгрөгийн тэтгэвэртэй байна. Зээл авснаар энэ орлогынхоо 83 хувийг сар бүр эргэн төлөлтдөө өгч үлдсэн 17 хувиар нь ахмадууд амьдарч байна. Нийт зээлдэгчдийн 70 хувь нь тэтгэврийнхээ 90-ээс дээш хувийг зээлийн эргэн төлөлтдөө өгч байгаа бол 45 мянган ахмад настан 100 хувь өгч, тэтгэврээсээ нэг ч төгрөг авахгүй, ямар ч орлогогүй жил гаран амьдарч байна.
Нийтлэлч М.Мөнхжаргалын "Тэтгэврийн “реформ”-оос “зээл” рүү" нийтлэлээс
ТАВ. ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА ТЭНЦЭВ
Улс даяараа хэрэглээгээ хангаж, хөгжлөө урагшлуулахаар төсвийн орлого, зарлагаа төлөвлөн баталсан санхүүгийн саруудыг үдлээ. Биелэлт нь л тиймхэн болохоос улс, нэгжийн төсвийг олон жилийн хөгжлийн хөтөлбөртэй уян, тооцоо судалгаатайгаар хуулийн хугацаанд нь баталчихдаг. Харин улс, нийгмийн өнгө төрх, хөгжлийг тодорхойлогч үндсэн нэгж өрхийн төсөв л ороо бусгаа байна. Үр ашиггүй төлөвлөгөөг улсын төсөв “уйлдаггүй” хэмээн шүүмжилдэгтэй адилтгавал өрхийн төсөв “уйлж” бас улайж байна. Үүнд гадар дотрын олон шалтгаан буй.
Статистикийн хорооны “Өрхийн дундаж орлого, зарлага тэдээр өслөө. Зарлага нь орлогоосоо тэдэн төгрөгөөр давлаа” гэх мэт мэдээллээс л монгол айлууд өөсдийгөө болоод өрөөлийг ямаршуухан амьдарч байгааг анзаарах нь олонтоо. Харин “Манайх энэ сард 4 сая төгрөгийн орлого олно. Үүнээс 1 саяыг зээл, 1 саяыг хүнсэнд, 300 мянгыг хадгаламжид, 1.5 саяыг хувцас болон бусад хэрэглээ, 200 мянгыг хүүхдийн боловсролд зарцуулна” гэх мэтээр төлөвлөж, яг төсөвлөдөг нь ховор. Үнэндээ олонх өрхийн орлого хадгаламж, боловсролд хүрэхгүйгээр арай ядан амь зуулгын хэрэглээнд л дуусчихдаг болохоор төлөвлөх, төсөвлөх ч шаардлагагүй байж мэднэ. Үлдсэн зардлаа зээлээр хааж, өрөөс өр, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа нь магадгүй төсөөлснөөс ч олон байх. Олсон орлого нь инфляцад идүүлж, бодитоор өссөн цалингүй, хурааж хуримтлуулсан хөрөнгөгүй, өөдөлж дэвшсэн амьдралгүй сар, жилийг өнгөрөөх энэ циклээс гарахад санхүүгийн жаахан л мэдлэг хэрэгтэй, уг нь. Үүнийг дэлгэрүүлэхээс өмнө монгол айлын нийгэм, эдийн засгийн байдал ямар байгааг товч өгүүллээ.
Нийтлэлч Б.Цэнд-Аюушийн "Уйлж” буй өрхийн төсөв" нийтлэлээс
ЗУРГАА. ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЯРЬЦГААЯ
Хятадууд олон улсад алдартай сүлжээ компаниуд, брэндүүдийн нэрийг ч өөрийн хэлээр галигладаг. KFC, Mc Donalds, Nike гэх мэтчилэн асууж, ярьвал хэн ч ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй. Та тэдний галигласнаар асууж байж хайсан газраа сая олно. Нэгэнт олон улсад хэрэглэдэг оноосон нэр, брэндийг тэр чигээр нь ашиглаж болох ч БНХАУ тэгж үзсэнгүй. Ингэж тэд хэлнийхээ дархлааг бодлогоор хамгаалдаг аж. Гэтэл манайд гадаад нэршил бүү хэл, нялх үрс нь англиар анхны үгээ хэлж байна. Хэл, соёлгүй бол бид хэн болох вэ.
Нийгмийн сүлжээгээр дамжуулан монгол хэлээ бид өөрсдөө “дамшиглаж”, алдаатай, буруу бичсэнийг өөгшүүлэн хөгждөг болсон. Үг, үсэг, найруулгын алдаатай мэдээллийг хошин шог болгон хөгжилдөх биш, засаж, залруулах, бурууг өөгшүүлэн хуваалцахгүй байхаас л эх хэлний дархлаа эхэлнэ. Төрийн байгууллагын хурган дарга нарын албан бичиг нь хүртэл дүүрэн алдаа. Их, дээд сургуульд элсэгчдээс монгол хэлний шалгалт авдаг болсон ч бичиг үсгийн боловсролгүй хүмүүс улам л олшроод байх шиг. Ядаж дотооддоо хэлний дархлаагаа хамгаалах нь төрийн үндсэн үүрэг юм. БНСУ зэрэг орон к-поп, цуврал киногоороо дамжуулан дэлхийд зөөлөн хүчний бодлогоор соёлоо сурталчилж байна. Дэлхийн өөрчлөлтэй зэрэгцэн хөгжих нь зүй. Гэхдээ огт өөрчилж, саармагжуулж болохгүй зүйлс бол монгол хэл, соёл юм. Үйлдвэрлэгчид нь ч, эцэг эхчүүд ч, төр засаг нь ч хаа хаанаа үүнд анхаарч, хэл, соёлын дархлаагаа аврах, хамгаалах учиртай. “Хэл, хил, мал гуравтайгаа байхад л Монгол баян” хэмээн зохиолч З.Дорж нэгэнтээ хэлсэн байдаг билээ.
Нийтлэлч С.Туулын "Хэл, соёлын дархлаагаа бид өөрсдөө л хамгаална" нийтлэлээс
ДОЛОО. СИСТЕМИЙН ДОГОЛДОЛ ТУСГАЛД
Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж заасан ч энэ эрхээ бид бодит байдал дээр эдэлж чадахгүй байна. Үүний нэгэн тод жишээ нь эрүүл мэндийн салбарын гажуудал. Монгол Улсын иргэн бүр олсон орлогоосоо илүүчилж эрүүл мэндийн даатгалаа сар болгон тогтмол төлдөг. Гэвч амь нас дээсэн дөрөөн дээр ирэхэд өнөөх даатгал нь “өвчин намдаах” үйлчилгээ ч өгдөггүй. Үүнээс шалтгаалаад манай иргэд өвчин, зовлон тохиолдсон үед эмнэлгийн шатаар өгсөхөөс илүүтэй хандив цуглуулж, улмаар дараалал багатай гэдэг шалтгаанаар хувийн эмнэлгийг барааддаг. Харин зайлшгүй шаардлагатай өвчтөнүүд нь гадаадад эмчлүүлэхээр алс хол орныг зорьдог болсон нь нууц биш. Учир нь манай эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоо бүхэлдээ дампуурчихсан, систем нь иргэнээ эмнэх бус өөрийгөө эмчлэхээр болчихсон.
Үүнээс гадна оношилгоо, эмчилгээ, тоног төхөөрөмж зэрэг нь цаг үетэйгээ нийцдэггүй гээд олон асуудал хөвөрнө. Эмч, сувилагчийн ачаалал тэнгэрт хадсан, шат бүрийн үйлчилгээ нь ил тод бус, нэг өвчтөнд зарцуулах төсөв нь амь насыг аварч дийлэхгүй хэмжээнд хүрсэн гээд монголчуудад эмчилгээний зардлаа босгохын тулд эх орноосоо илүү фэйсбүүк рүү хандах нь нийтлэг болжээ.
Нийтлэлээс "Хандивт найдсан түмэн" нийтлэлээс
НАЙМ. ВИРТУАЛ ЕРТӨНЦ
Дэлхий даяар сая, сая хүүхдийг төвлөрүүлээд буй Roblox-ын түүх 1989 оноос эхтэй. Тухайн үед Америкийн инженер David Bazucki хүүхдүүдийн виртуал орон зайг бий болгох эхлэлээ тавьжээ. Түүнээс хойш тасралтгүй хөгжүүлж, өнөөдрийн замналыг бий болгосон аж. Roblox бол инженерүүдийн зохион бүтээсэн тоглоом төдий биш. Энд хүмүүс өөрсдийн ур ухаан, чадвараар тоглоом бүтээгээд, түүнийгээ бусадтай хуваалцаж, орлого олох ч боломжтой. Мөн нийгэмших, өөрийгөө илэрхийлэх, сонирхол, хоббигоо нээж, илрүүлэх, бусадтай харилцах, шинэ найз нөхөдтэй болох чухал орон зай юм. Асар олон хэрэглэгчийг нэгтгээд буй өөр нэг чухал хүчин зүйл нь босго. Тодруулбал, Roblox ашиглахад үнэ төлбөргүй байдаг бөгөөд гар утас, таблет, компьютер зэрэг төрөл бүрийн төхөөрөмжөөс нэвтрэх бололцоог хангажээ. Түүнчлэн тус платформоор дамжуулан тоглоом тоглонгоо найз нөхөдтэйгөө харилцаж, шинэ хүмүүстэй танилцах ч боломжтойгоороо онцлог. Roblox 6-12 насны хүүхдүүдийн хамгийн их зочилдог платформ төдийгүй энэ талбарт хүүхдүүд хамгийн их цаг өнгөрөөж байна. Судалгаагаар, багачууд Roblox-д Youtube-ээс хоёр дахин их цаг зарцуулдаг болох нь тогтоогджээ.
О.Даваагийн "Шинэ үеийнхний нийгэмших талбар" нийтлэлээс
ЕС. ЯПОНД ТАНИГДСАН ХЯТАД ГАРАЛТАЙ УЛСТӨРЧИД
Хятад улс Тайванийг эзлэх оролдлого хийвэл энэ үйлдлийг нь Япон улсын “Тусгаар тогтнолд аюул учруулсан” хэмээн хүлээн авна гэж хэлсэн Япон улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд Такаичи Санаэгийн мэдэгдлийн цаана “Япон улсын тусгаар тогтнолд аюул учруулсан” гэх үндэслэл нь тус улсын Ерөнхий сайдад цэргийн хүчин буюу өөрийгөө хамгаалах хүчнийг дайчлах нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн утга агуулж байлаа. Тэр ч утгаараа Хятадын талаас Такаичи Санаэгийн мэдэгдэлд хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн билээ. Хоёр орны найрамдалт харилцаа хурцдаж түгшүүртэй нөхцөлд шинэ оныг угтах бололтой.
Санаэгийн улс төрийн үзэл нь “Үндсэрхэг консерватизм”. Тэрээр Японы Либерал Ардчилсан Нам дахь хамгийн барууны, хамгийн үндсэрхэг жигүүрийн улстөрчдийн нэг. Хилийн хамгаалалт, иргэншлийн асуудал, сонгуулийн эрхийг зөвхөн япон иргэдэд өгөх ёстой гэсэн хатуу байр суурь, Хятадын нөлөөллийг эсэргүүцэх зэрэг үзлүүдийг аль 1990-ээд оноос баримталж ирсэн. Санаэ Хятадын нөлөөллийн эрсдэлийг улс төрийн том сэдэв болгодог. Давхар иргэншилтэй улстөрчдийн асуудал, Хятадын технологи, хилийн аюулгүй байдлын эрсдэл, Сэнкакугийн маргаан, хятад гаралтай япон улстөрчийн давхар иргэншлийн хэрэг гарсны дараа түүний “жигүүр”-ийнхэн энэ сэдвийг “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой” гэж улам хүчтэй ярьж, эсэргүүцэж эхэлсэн. Гэхдээ энэ нь хятад хүнийг тусгайлан үзэн ядсан, хавчин гадуурхсан асуудал бус бөгөөд улс төрийн том хүрээний сэдвийг хамарч улсынхаа эдийн засаг, аюулгүй байдлын бодлогыг хамгаалах ёстой гэсэн консерватив зарчмын илрэл юм.
Нийтлэлч Л.Эрдэнэжаргалын "Иргэншсэн гаднынхан ба тусгаар тогтнол" нийтлэлээс