
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун стратегийн далавчит пуужингийн туршилтыг өсвөр насны охинтойгоо хамт ажигласан тухай улсын төрийн төв хэвлэл мэдээлэв.
KCNA-ийн мэдээлснээр, пуужингийн туршилтыг Чоэ Хён нэртэй устгагч хөлгөөс хийсэн бөгөөд пуужингууд Умард Солонгосын баруун эргийн ойролцоох зорилтот арлуудыг амжилттай оножээ. Туршилт нь АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтад хариу болгож хийгдсэн гэж шинжээчид тайлбарлаж байна.

Ким Жон Ун “хүчирхэг, найдвартай цөмийн дайнаас сэргийлэх хүчин чадлаа хадгалах шаардлагатай” гэдгийг онцолжээ.

Түүний охин Ким Жү Э-г ойролцоогоор 13 настай гэж үздэг бөгөөд 2022 оноос хойш олон нийтийн өмнө аавтайгаа хамт олон удаа гарч ирэх болсон юм. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага түүнийг ирээдүйн залгамжлагч байж магадгүй гэж үзэж байгаа аж.