
Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулж буй “Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын нээлт маргааш болно. 45 орны үндэсний олимпын хорооны 15 000 гаруй тамирчин, албаны төлөөлөгчид Айчи мужид хэдийнэ цуглажээ. Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин өрсөлдөнө. Албан ёсны нээлтийн өмнө багийн төрлийн тэмцээн уралдаан эхэлдэг учир Монгол Улсын багийн түрүүч Нагоя хотод цугларч эхний тэмцээндээ оролцлоо.
МОНГОЛЫН БАГИЙН ТЭМЦЭЭН ВОЛЕЙБОЛЫН ТОГЛОЛТООР ЭХЭЛЛЭЭ
Энэ удаагийн наадамд Монгол Улсаас багийн төрөлд сагсан бөмбөгийн эмэгтэй баг, 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг эрхээ авсан. Азийн наадмын 11 багийн нэг болсон эмэгтэй сагсчид маргааш Тайванийн багтай эхний тоглолтоо хийнэ. 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай болсон гээд сагсчдын амжилтууд эрс сайжирсан. Энэ хэрээр Азийн наадамд өрсөлдөх эрх авсан шинэчлэгдсэн багийн тоглолт гол анхаарлын төвд буй. Гавьяат тамирчин О.Хулан, Б.Ариунцэцэг болон америк легионер Амари Робинсон шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан нь энэ багийн гол түлхүүр болж байна.
Харин волейболын эмэгтэй баг өчигдөр Тайландын багтай эхний тоглолт хийсэн. Гавьяат дасгалжуулагч Г.Баярсайханы удирдлага дор Г.Энхнаран, Г.Саруулгэрэл, Б.Нинжболор, Б.Хулан, Х.Нэргүй, Б.Халиунзаяа нарын шилдэг залуу тоглогчдоор хүчээ зузаатгасан Монгол Улсын эмэгтэй волейболчид нээлтийн өмнө дахин нэг тоглолт хийх юм.
ЗАСГИЙН ГАЗРААС АЗИЙН НААДАМД ОРОЛЦОГЧДОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Японы Айчи муж, Нагояа хотод маргааш нээлтээ хийх Азийн зуны спортын наадам болон аравдугаар сарын 18-нд эхлэх пара наадамд оролцох Монголын баг тамирчдын зардалд дэмжлэг үзүүлэх шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Тодруулбал, Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардалд шаардлагатай 248 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна. Азийн наадмын тоглолтууд эхэлсэн энэ үед тамирчдын байр, хоолны зардалд дэмжлэг үзүүлж эхэллээ. Маргааш нээлтээ хийх Азийн наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин оролцож байна. Харин аравдугаар сард болох Азийн пара наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин, 19 дасгалжуулагч оролцохоор эрхээ авсан. Мөн Азийн пара наадам эхлэхээс өмнө Монголын тамирчид “Айчи Нагоя хүрэх замд” хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн билээ.

ҮРГЭЛЖИЛСЭН БОРОО ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН САНААГ ЗОВООЖ ЭХЛЭВ
Айчи мужийн хотуудад бороо их хэмжээгээр орж байгаа нь зохион байгуулагчдын хамгийн их санаа зовсон асуудал болж байна. Энэ сарын эхээр Нагоя зэрэг хотуудад хүчтэй аадар бороо орсны улмаас барилга байгууламж усанд автаж, тамирчдын байрлах байрыг сольж эхэлсэн. Мөн 400 гаруй тамирчин хорогдох газарт шилжиж тамирчид тав тухгүй байгаагаа илэрхийлсээр байна. Өчигдөр Нагоя хотод болсон Монголын баг тамирчдыг “Тамирчдын хотхон”-д хүлээн авах үеэр ч бороо оржээ. Японы хотуудад үргэлжилж байгаа борооны улмаас тамирчдын байр, бэлтгэлийн орчинг хэд дахин өөрчилсөөр байна. БНСУ-ын баг тэмцээнээс өмнө хэд хэдэн удаа нүүж тухгүй байгаа талаар гомдлоо зохион байгуулах хороонд өгчээ.
Айчи мужийн захиргаанаас үер усны хохирлыг маргааш болох Азийн наадмын нээлтээс өмнө хурдан шуурхай арилгаж, наадмаа амжилттай зохион байгуулна гэж мэдэгдээд байна.
Япон Улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд өмнө нь “Токио-1958”, “Хирошима-1994” онд тус наадмыг хүлээн авч байв. 20 дахь удаагийн Азийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны ойролцоогоор 15 мянган тамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөнө. Ирэх бямба гарагаас эхлэн энэ наадмын медальтнууд тодорч эхэлнэ.
Монголын багийн гол найдвар болсон буудлагын тэмцээн есдүгээр сарын 20-нд, байт харваа есдүгээр сарын 26-нд, чөлөөт, жүдо бөхийн өрсөлдөөн есдүгээр сарын 30-нд эхэлнэ.