
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин мэдээлэл хийлээ.
Тэрээр "Ногоон эрчим хүчтэй дата центрийг Монголд байгуулна. Энэ бол COP17 Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан хийж байгаа Засгийн газрын ажил. Дэлхий дахинаа дата өгөгдлийн хэрэглээ хурдтай хөгжиж жил тутам 18.2 хувийн өсөлттэй байна. Үүнд тулгуурлан өгөгдлийг AI-д зориулж ашиглах нь илүү өсөж байгаатай холбогдуулан эрчим хүчний хэрэглээ дэлхий дахинаа 2030 он гэхэд 2.2 дахин өсөхөөр байна. Энэ нь манай улсад боломжийг бий болгож байна. Яагаад гэхээр олон улсад ногоон эрчим хүчинд дата центрийг холбох холболтын хугацаа 3-10 жил хүлээгдэж байна. Манай улс газар зүйн байршил, цаг агаарын давуу байдлаа ашиглаж хямд найдвартай ногоон эрчим хүчийг санал болгож чадвал дэлхийн томоохон өгөгдөл дээр суурилсан дижитал эдийн засагт гол тоглогч болох боломжтой. Хэрхэн олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, цаашлаад дотоодын хөрөнгө оруулагчаа хэрхэн дэмжиж ажиллах вэ гэдэг судалгаа хийсэн. Олон улсын хөрөнгө оруулагчдыг хямд ногоон эрчим хүчний найдвартай хангамж татна гэж үзэж байна. Сүлжээний найдвартай байдал хамгийн чухал. Өгөгдлийг дамжуулахдаа аль нэг улсын нөлөөлөлгүйгээр дамжуулах, байгаа өгөгдлийн халдашгүй байдлыг хангах, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх нь чухал байна гэх судалгаа гарлаа. Эдийн засгийн хэрэглээнд оруулахад ямар хэрэглэгчдэд бид санал болгох вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн. Өгөгдөл хэрэглэж байгаа хамгийн том хэрэглэгч манай төр өөрөө байна. Бид өгөгдлийн тухай хуулиа өргөн барихаар бэлдэж байгаа" гэв.