
Сүхбаатар аймаг, Сүхбаатар сумын Баянгол багийн “Хайлааст" гэх газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага аравдугаар сарын 27-ны өдрийн 11:20 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу алба хаагчид, тус сумын мэргэжлийн анги, Асгат сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 17:05 цагт цурманд оруулжээ. Улмаар өнөөдөр өглөөний 07:20 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар 8000 га талбай өртөж шатсан байна.
Мөн Сүхбаатар аймаг, Халзан сумын Сахиул шанд багийн “Улаан худаг" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 27-ны өдрийн 15:45 цагт хүлээн авчээ. Хээрийн гал түймрийг 19:10 цагт цурамд оруулж, 21:10 цагт бүрэн унтраажээ. Уг хээрийн түймрээс Сахиул шанд багийн иргэн А-ийн 400 гаруй хонь, 110 гаруй адуу, 180 гаруй үхэр, 200 боодолтой өвс, хашаа 3, автомашин 4, 5 ханатай 3 гэр, 4 ханатай хоёр гэрийг авран хамгаалжээ.
Түүнчлэн, Дорнод аймаг, Халхгол сумын Ташгай багийн "Тэрэгтийн дунд-Ухаа" гэдэг газар Монгол Улсын хилийн 1127-1128 дугаар тэмдэгтээр БНХАУ-аас нэг км өргөнтэй хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг аравдугаар сарын 27-ны өдрийн 15:20 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:30 цагт цурманд оруулан 22:50 цагт бүрэн унтраасан аж. Урьдчилсан байдлаар 6500 га талбай өртөж шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.