
Цагдаагийн байгууллага мал хулгайлах гэмт хэргээс сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Мал мах-2026” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 172 зөрчлийг илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэжээ. Мөн иргэдээс мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй 86 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авснаас 12 хэргийг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олгосон байна.
Тус арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий гурван иргэн урьдчилан үгсэн тохиролцож, хоёр азаргат хамаарах нийт 57 адууг бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлжээ.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий хоёр иргэн 35 тооны сарлагийн үхэр хулгайлсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгчид нь гол төлөв 18-55 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй болон туслах малчнаар ажилладаг хүмүүс байх бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор бүлэглэн үйлдэх тохиолдол түгээмэл байна. Тэд малаа бэлчээрээс тууж тээврийн хэрэгсэлд ачиж тээвэрлэх, эсхүл бэлчээр дээр нь нядлах зэрэг аргыг ашигладаг аж.