Тулгар төр байгуулагдсаны 2234 жил, Их Монгол улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцлоо.

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах Монголын Үндэсний олон нийтийн телевизийн асарт зочилж, наадамчин зон олонд мэндчилгээ дэвшүүлэв. 

Тэрээр, хүн төрөлхтөний соёлын биет бус өв болсон Үндэсний их баяр наадам бол Монгол түмний бахархал төдийгүй төрт ёсны дархлаа, тусгаар тогтнолын илэрхийлэл юм. Энэхүү баярын өдрүүдэд төр ард олонтойгоо ойр байж, итгэлцэл, ойлголцлыг улам бэхжүүлж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлдэг онцгой уламжлалтай хэмээн онцоллоо.

Түүнчлэн УИХ хууль тогтоох, төрийн бодлогыг тодорхойлох, ард иргэдийнхээ хүсэл зоригийг илэрхийлж, нэг жилийг ардаа үдэж буй бөгөөд цаашид ард иргэдийнхээ хүсэл, зорилгод нийцсэн шийдвэрийг гаргаж ажиллана гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.