
Анагаах ухаан, дүрслэх урлаг болон эмнэлзүйн бодит тохиолдлуудыг хослуулсан онцлог үзэсгэлэнг дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэн нь анагаах ухаан болон эмнэлзүйн тохиолдлуудыг уран бүтээлийн хэлбэрээр олон нийтэд хүргэсэн, бие даасан анхны үзэсгэлэн юм.
УНТЭ-ийн нүдний эмч Н.Анарсайханы бие даасан, анагаах ухааны тодотголтой фото зургийн үзэсгэлэн “Хөх нар" арт галлерейд зохион байгуулагдлаа. Н.Анарсайхан нь АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж ажлын гараагаа эхлүүлэн, 2018 оноос УНТЭ-т нүдний их эмчээр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд эмчлүүлэгчдийн оношийг баталгаажуулах, эмчилгээний өмнөх болон дараах үр дүнг харьцуулах зорилгоор гар утасны камер болон дүрс оношилгооны төрөл бүрийн шинжилгээний аргуудыг ашиглан эмнэлзүйн зургийн сан бүрдүүлж иржээ. Тэрээр энэхүү үзэсгэлэнд өөрийн болоод мэргэжил нэгт хамт олон, багаараа үзэж, оношилж, эмчилсэн тохиолдлуудаас ховор болон сургалтын ач холбогдолтой зургуудыг сонгон дэлгэн толилуулж, эмчилгээний өмнөх ба дараах өөрчлөлт, оношилгооны онцлог, эмнэлзүйн чухал шинжүүдийг олон нийт, эмчлүүлэгчдийн төлөөлөл, мэргэжил нэгт эмч нар болон резидент эмч нарт танилцууллаа.
Эмч хүн анагаах ухааны зурагт үзэсгэлэн гаргана гэхээр олон хүнд цус, мэс засал, эмнэлгийн эвгүй дүрслэл буух мэт боловч тэрээр энэ ойлголтыг өөр өнцгөөс харуулахыг зорьжээ. Тухайлбал, мэргэжлийн талын гэмтэл, мэс заслын шарх, цустай хэсгийг тусад нь хасаж, энгийн хүний нүдээр харахад айдас, тавгүй мэдрэмж төрүүлэх бус харин гариг эрхэс, байгалийн дүрслэл, өвөрмөц хээ, өнгөний зохицол, хийсвэр илэрхийлэл мэт харагдах өвөрмөц дүрслэлүүдийг сонгон дэлгэжээ.


Өөрөөр хэлбэл, хүний нүдэн доторх ертөнцийг зөвхөн оношлогооны бус урлагийн өнцгөөс харах боломжийг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хүргэхийг зорьжээ.
Үзэл санааны хувьд хүний нүдийг дотроос нь дурандан харж оношилдог эмчийн хувьд “нүд дотроос олж харсан гоо сайхныг” бусдад мэдрүүлэхийг зорьсон бөгөөд энэ утгаараа үзэсгэлэнгээ “Дотроос нь харах урлаг” хэмээн нэрийдсэн байна.