АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийг цахимаар маш их өдөөн хатгасан үг хэлсэн хэмээгээд цөмийн зэвсэгтэй хоёр шумбагч онгоцоо хөдөлгөж зохих байршилд байрлуулах тушаал буулгажээ.
Трампд Украинд гал зогсоохыг зөвшөөрөхгүй бол хатуу хориг арга хэмжээ авна хэмээсэн бол Медведев манай орон ч бас цөмийн зэвсэгтэй болохыг сана гэсэн юм. Трамп “Үг маш чухал бөгөөд ихэнхдээ хүсээгүй үр дагаварт хүргэж болзошгүй. Энэ удаад тийм биш байх гэж найдаж байна” гэжээ.
Ямартаа ч АНУ-ын цэргийн протоколын дагуу тушаалын дагуу хөдөлсөн хоёр шумбагч онгоцыг хаана байрлуулж байгааг хэлээгүй байна.
Орос, АНУ хоёр дэлхийн хамгийн их цөмийн зэвсэгтэй гүрнүүд бөгөөд аль аль нь цөмийн шумбагч хөлөг онгоцтой.

Өнгөрсөн баасан гарагт "Truth Social" сайтад өгсөн мэдэгдэлдээ Трамп "Оросын Ерөнхийлөгч асан, тус улсын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевийн өдөөн хатгасан мэдэгдэлд үндэслэн хоёр цөмийн шумбагч онгоцыг зохих бүс нутагт байрлуулах тушаал өгсөн" гэжээ.
Харин Кремль уг асуудлаар олон нийтэд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Трамп долоодугаар сарын эхээр “Путин дайныг 50 хоногийн дотор зогсоохгүй бол газрын тос болон бусад экспортын бүтээгдэхүүнд хатуу татвар ногдуулна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Аюулгүй байдлын шинжээчид Трампын энэхүү алхмыг Москватай нөхцөл байдлыг хоосноор хурцатгаж буй явдал гэж дүгнэжээ. Учир АНУ-ын шумбагч онгоцнууд ОХУ-д цохилт өгөхөөр байрлалуудад тогтмол байрладаг гэж шинжээчид мэдэгдсэн байна.