
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17 бага хуралд оролцохоор манай улсад ирлээ.
Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм. Тэрээр энэ сарын 28-ийг хүртэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д оролцохоор Монголд айлчилж байна.
Тэрээр 8 хоног 9 өдрийн хөтөлбөрөөр Монгол Улсад айлчлах бөгөөд уг айлчлал Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууснаас хойш хийж буй гадаад дахь хоёр дахь албан ёсны айлчлал болж байна.
Бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг хүлээн авч уулзана.
Үүнээс гадна Мүн Жэ Ин Монголын хойд хэсэгт, ОХУ-ын хил орчимд орших Тужийн нарсан ойд очиж, дурсгалын мод тарих зэрэг үйл ажиллагаанд оролцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 2021 онд дээд түвшний цахим уулзалт хийж, Монгол, Солонгосын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэх тухай Хамтарсан тунхаглал гаргаж байсан билээ.
БНСУ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг 2011 онд эх орондоо зохион байгуулсан юм.