
Түүний шүлгүүдээс үргэлж л жирийн өдрүүд дэх жир бус ахуйгаас шүүрсэн, ажиж таньсан, амсаж ганирхасан өөр, өөр аялгуу сонстох шиг болдог. Гэхдээ тэр аялгуу нь нэг л өнгөтэй, зөвхөн түүнийх гэмээр мэдрэмж төрүүлэх атлаа бас л огт өөр догдлол, гунигийг тээдэг. Хөндүүр атлаа хачин дулаан, хүчтэй боловч гүнзгий гунигтай. Тийм л оршихуйд өөрийнх нь бичсэнээр “жил, сар, өдрүүдийг жинхэнэ үнэнээр хайрлагчид” суудаг.
Заримдаа ярилцах хүсэл тээж явсаар он цаг хэдэнтээ буурь сэлгэхийн завсарт мөнөөх зочинтойгоо зөрсөөр таарах нь бий. Харин энэ удаад яруу найрагч Г.Хашбаатарыг ээлжит ярилцлагын зочноороо урилаа. Тэрээр яруу найргийн “Бохир гоо зүй”, “Өө... Цонх цантах нь дээ”, хүүрнэл зохиолын анхны ном болох “Дасал шунал” өгүүллэгийн түүврээ уншигчдад хүргэж байгаа энэ цаг дор бид ширээний ард тухалцгаав. Ингээд уншигч таныг ярилцлагадаа уръя.
-БИД МУУ МУУХАЙТАЙ ЭРСХЭН НҮҮРЭЛДЭЖ ЧАДДАГ УУ-
- “Бохир гоо зүй” шүлгийн түүврээс яриагаа эхлэе. Эл номын шүлгүүдийг ёгөөдөл, ёгтлол гэх хоёр бүлэгт хуваасан байсан. Ер нь номын концепц санааг бодож бүтээлээ туурвисан уу, эсвээс сүүлд бичсэн шүлгүүдээсээ сонгож эл түүврийг эмхэтгэв үү?
- Уг номын концепц санаа эхэндээ “Нийгэм хамгааллын тухай ёгт бүлэг шүлгүүд” бичиж эхэлснээс үүдсэн юм л даа. Тус шүлгүүдийг болоод сэдэл санаагаа шууд боловсруулж, номынхоо нэрийг эрт өгчихсөн байсан. Тэгээд л шүлгүүдээ аясаар нь өөрөө бичигдэх хүртэл зөнд нь орхисон. Гэтэл зарим нь ёгтлол бус егөөдлийн өнгө аяс давамгайлж ирсэн. Энэ үед “Ёс суртахууны егөө” гэх бүлэг нэмж хоёр хуваасан.
- Ёгтлол бол мэдээж утга далдах арга. Ямар яруу найраг танд хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг вэ?
- Үнэн байх ёстой гэдэгт эргэлзээгүй итгэдэг. Харин хэлбэр хийгээд хэлэх гэсэн санаа нь ямар ч байж болно. Түүнийгээ л чин үнэнээр илэрхийлсэн яруу найраг ямагт хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг дээ.
- Номоо хөзөр маягаар зохиомжилж, хэмжээг нь ч мөн тийм хэлбэрээр хэвлэсэн байсан. Яагаад заавал хөзөр гэж?
- Уг санаа бол манай “COD” паблишингийн хамтран үүсгэн байгуулагч, жүжгийн зохиолч Г.Мишээл бид хоёрын сэдэж олсон зүйл. Ер нь бол Г.Мишээл энэ тал дээр санаачлагыг голлож ажилласан. Нэгэнт шүлгийн ном агуулгын хувьд ёгтлол, ёгөөг бүрэн дүүрэн агуулсан бол хэлбэрийн хувьд ч гэсэн тэдгээрийг тээж явах нь зүй гэж үзсэн хэрэг л дээ. Түүнээс бус ямар нэгэн байдлаар этгээд, содон харагдуулах гэж элдэв хэлбэрт чихээгүй.
- Таны шүлгүүдээс нэг тийм байгалийн дүрслэл, түүн доторх анзаарагдамгүй хөдөлгөөн, энгийн оршихуйн өдөр тутмын үйлдлүүд их анзаарагддаг. Харин “Бохир гоо зүй” номын хувьд илүүтэй хүмүүсийн зан чанар, бусадтай болоод эд юмстай хүртэл хэрхэн харилцах талаар ёгтолсон байх шиг санагдсан. Зорилго чинь угтаа энэ байсан уу?
- Тийм гэхэд болно. Ер нь бид хэтэрхий сайн сайхны тухай дуулах бас бичих болж. Энэ нь мэдээж буруу биш. Гэвч амьдралд доог тохуутай өчнөөн зүйлс бий. Тэдгээр нь гээгдэж үлддэг болохыг анзаарсан гэх үү дээ. Эд зүйлсийг бид хүн хоорондын харилцааны зэвсэг болгож байгаагаас бус түүнд байх гоо зүйг олж харж, мэдрэхээ больж байх шиг санагддаг. Дээр нь нийгмийн харилцаанд дахь үнэн өдрөөс өдөрт алга болж байна. Түүний хэрээр өнгө төдий үзэгдлүүд газар авах болсон. Тэр ч утгаараа нийгэм хамгааллын тухай гэж ёгтолж бичих үүтгэл бүрэлдсэн.
Нөгөө талдаа бидний ёс зүйн түвшин хэрхэн улирч, балран доройтож байгааг бүгд л мэднэ шүү дээ. Хамгийн гол нь мэдэж байгаа хэрнээ анзаарахаа больчихсон тул үүнийг гоо зүйн үүднээс, мөн монгол хэлний найруулгын хоёр аргачлалаар илэрхийлэхийг зорьсон юм.
- Ер нь зураг талаас аваад үзэхэд сонгодог гоо зүйд хүний биеийг төгс харьцаатай, цэвэр, залуу, эрүүл байдлаар дүрслэх нь түгээмэл байсан. Харин орчин үеийн урлаг энэ ойлголтыг зориуд эвдсэн. Шарх, сорви, хөгц, ялзрал, цус, эвдэрсэн эд зүйл, хөгширсөн бие гэх мэт бидний өдөр тутамд “муухай” гэж нэрлэдэг зүйлсийг урлагийн бүтээлд оруулах замаар “Юуг сайхан гэж нэрлэх эрх бидэнд байдаг вэ?” гэсэн асуултыг тавьдаг. Харин таны хувьд энэ ойлголтын тухайд ямар үзэл бодолтой байдаг вэ. Мэдээж яруу найрагтай харгалдуулсны үүднээс хариулт авах нь зөв байх...
- Амьдрал тэр чигтээ л шугаман бус хаос мөн чанартай гэж боддог. Сайхны тухай хэтэрхий их бодох нь биднийг магадгүй бодит амьдралын муу муухайгаас холдуулж, эцэстээ бараан бүхний сүүдэртэй нүүр тулах, давж гарах хүчгүй болгодог байж мэднэ. Угаас ч тэгдэг. Гэхдээ үүнийг зүгээр ч нэг нийгмийн муу муухайтай шууд холбоод байж болохгүй. Алхам тутамд тааралдах гоо зүйн хэм хэмжээнээс гологдсон, эсвээс гээгдэж орхигдсон бүхнээс сайхныг хардаг болчихвол гэж боддог. Тэгж чадвал амьдрал хэчнээн амгалан, басхүү амар биш гэж үү.

- Тэгвэл бидний муухай, таагүй, хэлэхээс зайлсхийдэг зүйлс яагаад таны хувьд яруу найргийн гоо зүйн материал болсон бэ?
- Сайхан асуулт байна. Хүний нүд, нүдний харц ямар ч үнэнийг нууж чаддаггүйтэй адилхан таны хэлээд байгаа тэдгээр таагүй гэх тотголтой бүхэн гэгээн цагаан бүхнээсээ илүүтэй бодит үнэнийг нууж чадахгүй. Тийм болохоор тэдэнтэй яруу найргийн орон зайд тааралдаж хөөрөлдөх нь егөөтэй биш үү.
- Таны шүлгүүдэд ёгтлол ямар үүрэг гүйцэтгэдэг вэ, мөн юуг шууд хэлж болохгүй учраас ёгтолж бичих шаардлага төрсөн юм бол?
- Үнэндээ манай соц үеийн яруу найраг, эсвэл цаашлаад ардын аман зохиолд хамгийн их ашигладаг хэлбэр бол ёгтлол хийгээд егөөдөл. Ёгтлол, егөөдөл бол зүгээр нэг уран сайхны арга биш, харин шууд хэлэхэд хэтэрхий энгийн, заримдаа бүр боломжгүй болсон үнэнийг өөр өнцгөөс харуулах арга л даа. Аливаа зүйлийг яг нэрлээд “Энэ буруу, тэр зөв” гэж хэлэхээс илүүтэй уншигч өөрөө анзаарч, дүгнэлт хийх орон зай үлдээхийг хүсдэг.
Ялангуяа нийгэм хүний шунал, дасан зохицол, эрх мэдэл, мөнгө, хэрэглээ зэрэг сэдвийг шууд шүүмжлэхээр заримдаа утга нь хэтэрхий ил болж, уран зохиолын асуулт биш, зөвхөн мэдэгдэл болчихдог тал бий. Егөөдөл л гэхэд инээхийн цаана эвгүй мэдрэмж төрүүлэх хэрэгсэл болж байх жишээтэй. Хүн эхлээд инээж, дараа нь “Би яг юунд инээгээд байна вэ?” гэж өөрөөсөө асуух тэр мөчийг бий болгохыг хүссэн гэх үү дээ. Харин ёгтлол нь шууд хэлэх боломжгүй, эсвэл шууд хэлэхэд үнэ цэнээ алдах зүйлийг далд утгаар нь илэрхийлэх боломж өгдөг. Тиймээс би “Хэлж болохгүй учраас” л ёгтолж, егөөддөг гэж хэлэхгүй. Харин шууд хэлэхээс илүү ёгтолж өгүүлэхэд илүү хүчтэй сонсогдох зүйл байдаг учраас л тэр гэж хариулах байна даа.
- Өнөөдөр яруу найраг гоо сайхан, уянгын мэдрэмжээс гадна нийгмийн бухимдал, ёс суртахууны зөрчил, хүний дотоод “бохир”-ыг ил гаргах хэрэгцээтэй тулгараад байна уу?
- Та ч тулгарч байгаа болов уу? Ил гаргах эсэх нь хувь хүний асуудал байх. Бас ямар аргаар... Бүгд л хүн хоорондын харилцааны сэв хийгээд зэв, түүнд идэгдсэн бүхнийг өөрсдийн чадах бүхнээрээ илэрхийлэхийг хүсдэг байх. Заавал тийм ч байх албагүй. “Сайхны тухай санаа” гэдэг шиг сайхныг санаж явах сайхан л даа. Гэвч бидэнд, дамаа урлагийн хэлээр дамжуулан нийгмийн бараан, бохир, үл тохирол бүхнийг өөрсдийн чадах төрлөөр илэрхийлж байх нь нийтийн ёс суртахууны хэмийг тэнцүүлж байдаг. Тэдний нэгэн адил яруу найргийн хувьд энэ нийгмийн далд бохирдлыг илчлэх үе ч ирсэн байж мэдэх юм. Егөөтэй хийгээд ёгтолж суумаар юмсын дунд ер тайван сууж чадаагүй л хэрэг.
- Та шүлгүүд дэх дүрслэлдээ өнөөгийн нийгэм, хүний мөн чанарын тухай ямар үнэнийг хэлэхийг зорьсон бэ?
- Нэг шүлэг жишээ татчихвал дээр юм уу гэж бодлоо. “Соёлын тэргүүний ажилтан” гээд нэг егөө шүлэг бий л дээ. Нэг эрийг олон жил хиргисүүр ухсан гээд оны шилдгээр өргөмжлөөд тогтохгүй “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнадаг юм. Мань нөхөр шагналаа авсныхаа дараа ярилцлага өгөхдөө:
“Энэ бол ганц миний шагнал биш,
Өвөг дээдсийн минь шагнал”
гэж төгсдөг нэг шүлэг бий. /инээв/ Ийм хөөрхийлөлтэй дүр зураглалд хүний өмнөөс ичиж суугаа уншигч олон байгаа болов уу гэж бодож байна.
- Та мөн “Өө... Цонх цантах нь дээ” түүвэр гаргаж байгаа. Энэ түүврийн тухайд...
- Нийгмийн хийгээд хүмүүсийн ёс суртахуунтай зууралдах, дээр нь монгол хэлнийхээ найруулга зүйн чадамжид багахан ч атугай гар дүрэн бичихийг оролдсон ёгтлол, егөөдлийн шүлгүүд бол “Жинхэнэ би мөн үү” гэж бодохтой зэрэгцээд уг номоос ч өмнө бичиж байсан шүлгүүдээ эмхэтгэсэн л дээ. Тиймээс тус түүвэрт ёгтлол, егөөдлийн шүлгүүд үгүй. Үнэндээ бол миний доторх жаахан охин, эсвэл ваар дээрх зурагны нэгэн эрвээхий нисэх гээд далиа дэвэх гэтэл ваар хагарчих гээд болохгүй байгаа шиг эмзэглэл бүхий шүлгүүд бий.
- Таны хувьд яруу найрагчийн үүрэг хаанаас эхэлж, хаана дуусдаг вэ?
- Бүх зүйл оршин буйгаас эхэлсэн болов уу. Харин хаана дуусдаг гэх вэ гэвэл... Хаа ч дуусдаггүй байх шүү.
-ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ БИ “АСУУЛТ”-ЫГ Л ЧУХАЛЧИЛДАГ-

- Та яруу найргаас гадна “Дасал шунал” нэртэй анхны хүүрнэл зохиолын номоо уншигчдад хүргэж байгаа. Шүлэг бичих, үргэлжилсэн үг туурвихын хамгийн гол ялгаа, заагийг хэрхэн тодорхойлох вэ?
- Чамгүй жил хүүрнэл зохиолын төлөө үг шигшиж суужээ. Харин энэ жил тохиол бүрдсэнээр зориг гарган олны өмнө дэлгэхээр шийдэж хэвлэлд өгчихөөд хүлээж сууна. Үнэндээ хамгийн их айж байгаа ном маань гэх юм уу даа. Асар том ялгаа гэх мэтийн яриа ч дэгсдүүлэх нь ойлгомжтой. Харин яруу найргийн элемент ашиглаж бичсэн гэдгээ нэн тэргүүнд хэлье. Мэдээж дүрийн хөгжүүлэлт нь илүү хүн төвтэй болохоор яруу найргийг бодоход харьцангуй обьектив төрөл санагддаг. Түүнээс чухал хамгийн гол зүйл бол хэлний түвшин, чадамждаа аль болох дөхүүлэхийг хичээн бичих явдал л байсан.
- “Дасал шунал” гэдэг нэр өөрөө хүний зан чанар, хүсэл, дадал, дотоод зөрчлийг санагдуулж байна. Энэ нэрийг сонгохдоо ямар санааг гол болгосон бэ?
- Энэ нэр ийм учиртай юм. Эмчийн жороор олгодог эмүүд дээр “Уг эмийг удаан хэрэглэвэл дасал шунал болох аюултай” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл донтолт болно гэсэн үг. Гэхдээ эм болохоор, зарж байгаа учраас донтох гэдэг үг ашиглах нь зохимжтой бус юм. Тэгээд монгол хэлний хамгийн гайхалтай, баян гээд байгаагийн нэг жишээ болох “дасал-шунал” гэдэг үгээр төлөөлүүлсэн хэрэг. Тэгэхээр уг ном цаад утгаараа хүнийг сэтгэл зүйн эмчилгээнд донтуулж мэдэх юм.
- Өгүүллэгт зохиолч өөрөө ярихаас илүү дүрүүдээрээ дамжуулж илэрхийллээ бүтээдэг. Таны хувьд сайн дүр гэж ямар дүр вэ?
- Дүр гэгч нь заавал шинж тэмдэгтэй байх ёстой л гэж боддог. Гэхдээ тэр нь агуулгын хувьд ч ялгаагүй дүр л байх ёстой. Бид заримдаа хэтэрхий нялчихсан үгсээр аль нэг хэв шинжид хамаатуулаад дүр босгоод байдаг. Гэтэд дүр дүрсэлж илэрхийлээгүй бичвэрийн ард нуугдсан агуулгатай байвал яах вэ... Бас л бодмоор шүү.
- Таны яруу найргийн хэл найруулга хурц, ёгт, заримдаа егөөдсөн өнгө аястай. Энэ чанар “Дасал шунал”-ын хүүрнэл зохиолд хэр хэмжээгээр орж ирсэн бэ?
- Тун сайхан асуулт байна. Тэр өнгө аяс бүхий хэд хэдэн өгүүллэг бий. Харилцан яриа буюу диалогийн хувьд ч, хэлэхийг зорьсон цаад агууллагын хувьд ч тэр ёгт, егөө утга агуулсан. Хүүрнэл зохиол дээр ашиглахад ялимгүй амар байсан гээд хэлчихвэл хэт бардам болчих вий дээ. Гэхдээ яруу найрагт ёгтлол, егөө гэж салгахаас амар байсныг зориуд хэлсэн нь зөв байх. “Дасал шунал ба хоёр өвгөн” гэх өгүүллэгийг егөөдлийн дажгүй жишээ байх гэж бодож байгаа шүү.
- Ер нь яруу найрагчийн хэл нь хүүрнэл зохиолчийн хэлэнд давуу тал болдог уу, эсвэл саад учруулдаг уу?
- Г.Аюурзана зохиолчийн хэлсэн үг бий. Хүүрнэл зохиолд яруу найргийн элемент ашиглах нь тухайн бүтээлийг сайн болгодог гэх утгатай. Энгийн нэг дүрслэл ашиглах нь уншигчийг тийм ч их мэдрэмж, сэтгэлгээний өнцөгт аваачихгүй. Тийм болохоор яруу найргийн нэг мөр хүртэл нэг өгүүлбэрт нарийн утгыг ур хийцээр хийж өгдөг. Тэр найруулга зүйн шинж тэмдэг хүүрнэл зохиолыг баяжуулж байгаа. Гэхдээ энд угсарсан нийлмэл өгүүлбэрийг толгой холбон бичнэ гэсэн үг биш шүү.
- Өгүүллэгийн хамгийн чухал зүйл нь үйл явдал уу, дүр үү, эсвэл хүний дотоод орон зайн мэдрэмж үү. Та өгүүллэг бичихдээ эдгээрээс алийг нь хамгийн түрүүнд олж харж, олзолдог вэ?
- Үйл явдлыг бол нэг их чухалчилдаггүй. Дүрийн тухай бол сая худлаа, үнэн ярьсан учир ойлгох болов уу. Харин дүрийн болоод хүний доод мэдрэмж гэдгийг яг энэ гурван хувилбараас тань сонгочихоё. Гэхдээ магадгүй өгүүллэг бичихдээ би юуг чухалчилдаг тухай өөрөөсөө асуувал “Асуултыг л чухалдаг юм байна даа” гэж хариулна.
- Өнөөдрийн Монголын нийгэм хүүрнэл зохиолчид хэр их материал өгч байна гэж та боддог вэ. Бидний өдөр тутмын амьдралд зохиолчийн нүдээр харахад бүтээл болж хувирахуйц ямар зөрчил хамгийн их байгаа бол?
- Аль ч нийгэм ялгаагүй тэр чигтээ зохиолын зөрчил болоод хөдөлгөөн байдаг болов уу. Бас нэг хэлмээр санагддаг зүйл бий.
- Тэр нь юу вэ?
- Анзаараад байхад нийгмээс ангид сэдэв цөөдөөд байх шиг санагддаг. Хүн хооронды харилцаа гэж байсаар байгаа цагт тэнд зөрчил мөнхөд байна. Тиймээс нийгэм бүрэлдэн тогтсон хэвээр цагтаа бүхий л сэдвийн үндсэн материал болсоор байх биз.
- Хүүрнэл зохиолд үнэнийг шууд хэлэхээс илүүтэй үйл явдал, дүр, деталь, бэлгэдлээр мэдрүүлэх нь бий. Та зохиолдоо уншигчаа бэлэн хариултаар хангахыг хүсдэг үү, эсвэл өөрөөр нь эргэцүүлэх орон зай үлдээхийг чухалчилдаг уу?
- Хэнд ч бэлэн хариулт өгөхийг хүсэхгүй. Уран зохиол ер нь тийм мөн чанартай шүү дээ. Зургийн аппарат гарч ирээд бодит хөрөг зурах ажлыг өөрчилсөн. Түүн лугаа адил шууд таних, ойлгоход бэлэн бишээс л урлаг үүссэн байх. Нэг ёсондоо танин мэдэхүйгээс гэх юм уу. Ямартаа ч гар шургах зайгүй утга санааг орооцолдуулаад байдаггүй ч тэмтэрч мэдрэх нэгэнд сэтгэл өвтгүүлээд, хаана өвдөж байгааг нь мэдэгдүүлэхгүй байх хэмжээний хариулт өгч чадах байх гэж бодож байна.
- Хүн уран зохиолыг сонгох тийм мөчлөг гэж бий юу. Таны хувьд “Уран зохиол миний амьдралын нэг хэсэг юм байна” гэж өөрийгөө анх мэдэрсэн үе хэзээ байсан бэ?
- Миний хувьд их олон төрлийн ажил хийж үзлээ л дээ. Харин би тэр бүх хугацаанд уран зохиолоос огтхон ч холдож, хаяж чадаагүй. Сайнтай, муутай энэ хүртэл гэлдэрч л явна. Хамгийн гол нь би баруун гараараа уран зохиол гэдэг олсноос атгаад зүүн гараараа цалин авсан ажлаа хийсээр ирсэн. Одоо ч тийм. Гэхдээ энэ олон ажлуудыг би чөлөөт цагаараа хийж байна. Түүнээс бус би мэргэжлээрээ л ажиллаж байгаа гэж боддог доо.
- Өнгөрсөн амьдралын дурсамжууд зохиолчийн хувьд таны хамгийн сайн сэдэв болж чаддаг гэж боддог уу?
- Дурсамж тоочих нь бэлэн зөрчил, бэлэн дүр байдаг л даа. Ерөнхийдөө “амарчлал” гэсэн үг. Гэхдээ өнгөрсөн амьдралын дүрээр хүн хоорондын сэтгэл зүйн зөрчлүүд илүү хүчтэй гарсан байдаг. Би “Хар усны мэлхий” гээд нэг роман бичиж суугаа ухаантай. Тэнд миний хүүхэд насны мэлхий хороодог, мэлхийгээр загас барьдаг, бах мэлхий тэжээдэг байсан гэх мэтийн мэлхийтэй холбоотой олон дурсамж бий. Нэг их их өнгөрсөн дурсамжаа уудалж бичээд байхыг хүсдэггүй болохоор хамаг бүхнээ энэ роман дээр л асгачихна гэж бодож байгаа шүү.

- Шинэ бүтээлийн сураг сонсох сайхан байна. Нээрэн хүмүүс хайрын тухай их бичдэг. Харин та энэ сэдвээр бага бичдэг шиг санагддаг... Мэдээж би буруу анзаарсан байхыг үгүйсгэхгүй л дээ... Ямартаа ч ингэж асуугаад юу гэж хариулахыг тань сонсох нь зөв болов уу?
- Хайрын тухай бага бичдэг гэж бодохгүй байна. Зүгээр л хайрын шүлгээс өөр, олон элдэв төрлийн шүлэг л бичсэн байх. Жишээ нь “Ойн монолог” гээд түүвэр минь тэр чигтээ ой тайга, хөвчийн тухай яруу найраг. Гэхдээ түүний ард нуугдсан бүх хайр тэнд бий л дээ. Энэ маань зарим үед хайр сэтгэлд метафизик яруу найрагч чухал үүрэг гүйцэтгэдэг гэж боддогоос үүдсэн байж магадгүй.
- Таны хамгийн дуртай, магадгүй бичих дуртай улирал өвөл гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдгийг саналаа. Өвлийн улирлаас та ямар гоо зүйг олж хардаг вэ?
- Ганцаардлын... Цагаан бол хоосны өнгө шиг санагддаг. Басхүү асар их тайвшрал төрүүлнэ. Хэт тайвшраад ирэхээр л хамгийн гүн ганцаардалтай нүүр тулдаг юм шиг ээ... Тэгээд ч би даарах дуртай хүн л дээ.
-Яагаад тэр вэ?
- Өөрийгөө мэдрэх сайхан боломж шүү дээ. Ер нь би өвөл жирийн улирлуудаас их бичдэг. Удахгүй өвөл болох гэж байгаа болохоор сайхан байна. Хэр их цас унана, тэр хэмжээгээр бичнэ гээд тэсэн ядан хүлээж сууна даа.